"Сибирийн хүч": Хятад улс хийн хоолойн асуудлаар Москваг хүлээхээс өөр аргагүй байдалд оруулж байна
ОХУ-ын Ерөнхий сайд Хятадад хийсэн айлчлалаараа Москвагийн удаан хүлээсэн хариуг авч чадалгүй буцлаа. Өөрөөр хэлбэл Ази тив рүү эрчим хүчний урсгалыг өөрчлөх зорилготой томоохон төсөл болох "Сибирийн хүч 2” хийн хоолойн талаар Бээжин тодорхой амлалт өгсөнгүй гэсэн үг юм.
Арав гаруй жилийн өмнө Оросыг "дорно зүг рүү эргүүлэх" зорилгоор санаачилсан Монголоор дамжуулан Хятад руу тавих энэхүү хоолой нь хийн борлуулалтыг төрөлжүүлж, орлогоо нэмэгдүүлэх, Кремльд илүү их дипломат эрх мэдэл өгөх арга байв. Москва хориг арга хэмжэээнд өртөхөөсөө өмнө Европ руу хий нийлүүлэх шинэ гарц хайж байсан бөгөөд Сибирийн өмнөд хэсгийн уулархаг бүс нутгийн нэрээр анх "Алтай" гэж нэрлэж байсан уг төсөл нь Украинд түрэмгийлснээс нь хойш дахин ач холбогдолтой болсон юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар, төсөл удааширч байгаа нь эдийн засгийн хувьд илүү хүчирхэг хөрштэйгээ харьцах үед Москвагийн хэлэлцээ хийх бяд дайны үед хэр сул болсныг харуулж байна.
Оросын хий дамжуулах өөр нэг хоолой болох “Сибирийн хүч” 2019 онд ашиглалтад орсон бөгөөд 2024 он гэхэд хамгийн дээд хүчин чадал нь жилд 38 тэрбум шоо метрт хүрэх төлөвтэй байна. Гэхдээ энэ хоолой нь Зүүн Сибирийн хийн шинэ орд газарт түшиглэн барьсан хоолой бөгөөд Европ руу хий экспордолдоггүй болохоор Москвагийн төрөлжүүлэх стратегид ашиг тусаа өгсөнгүй.
Харин “Сибирийн хүч 2” (СХ2) төсөл нь Европын зах зээлд хэд хэдэн хоолойгоор дамжуулан хий экспортолдог Оросын зүүн хойд хэсэгт оршдог Ямалын хойгоос Хятадыг хийгээр хангах төсөл юм.
Өөр хувилбаруудыг эрэлхийлэхдээ Москва стратегийн ач холбогдолтой сонголтыг чухалчилдаг байсан бол одоо цорын ганц сонголттой үлджээ. "Илүү ашигтай тохиролцоонд хүрэхийн тулд Бээжин хэлэлцээгээ сунжруулж байсан түүхтэй. Ийм тохиолдол “Сибирийн хүч 1” төслийн асуудлаар хэлэлцээ хийж байх үед гарч байсан" гэж Европын гадаад харилцааны зөвлөлийн Хятадын бодлогын шинжээч Алиса Бачульска хэллээ. "Украины эсрэг хийсэн Оросын түрэмгийлэл сунжирсан дайн болж хувирсан тул Москватай хийх хэлэлцээнд байр суурь нь улам л бэхжинэ гэж Бээжин үзэж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам Хятадын талд уг хоолойгоор дамжуулан авах хийн үнийг бууруулах боломж нэмэгдэнэ” гэж тэрбээр нэмж хэлэв.
Хятад-Оросын хийн хоолойн талаарх яриа хэлэлцээ дайнаас хэдэн сарын өмнө эрчимжиж эхэлсэн. Бээжингийн Олимпын үеэр Владимир Путин, Ши Жиньпин нар 25 жилийн хугацаатай, Алс Дорнодын хий дамжуулах хоолойн гэрээ байгуулснаас гадна "СХ 2” төслийн тухай гарцаагүй ярилцсан" гэж Колумбын их сургуулийн Дэлхийн эрчим хүчний бодлогын төвийн судлаач Татьяна Митрова хэлжээ.
Гэвч үүнээс хойш ОХУ “СХ 2”-ыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа удаа дараа онцлон тэмдэглэж байсан бол Бээжин илт дуугүй байсаар ирсэн. Гуравдугаар сард Ши Жиньпин Кремльд айлчлах үеэрээ “СХ 2”-ын сэдвээс зайлсхийж байсан бол Путин энэ төслийн гэрээг хийсэн мэт "бараг бүх заалтуудыг эцэслэн тохиролцсон" гэж мэдэгдсэн юм.
Аль нэг нийлүүлэгчээс хэт их хамааралтай болохгүйг хичээж, Хятад улс байгалийн хийг хэрэгцээнээсээ илүү их хэмжээгээр нийлүүлэх гэрээг идэвхтэй байгуулж байна гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн хийн шинжээч Гергели Молнар ярив. Түүний хэлснээр, Хятад улс хийн нийлүүлэлтийнхээ дөнгөж 5 гаруй хувийг ОХУ-аас авдаг бөгөөд Оросоос одоогийн маршрутаар дамжуулан авч буй хийн хоолойн нийлүүлэлтийг “СХ 2” төслийн гэрээний хамт бүрэн хүчин чадалд нь хүргэн нэмэгдүүлснээр 2030-аад оны эхээр энэ хэмжээ 20 орчим хувьд хүрч нэмэгдэх юм.
Хятад улсад энэ хоолой үнэхээр ашигтай. Бээжин эрчим хүчнийхээ эх үүсвэрийг төрөлжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд ялангуяа Өрнөдийн орнуудтай геополитикийн юм уу эсвэл цэргийн хурцадмал байдал үүссэн тохиолдолд далайн замаас илүү аюулгүй байх Орос, Төв Азиас хуурай газраар хангах арга замыг эрэлхийлж байна. “Алс холын Ойрхи Дорнодтой харьцуулахад байгалийн хийг Оросоор дамжуулан хуурай газраар тээвэрлэх нь илүү аюулгүй” гэж Шиамэний их сургуулийн Хятадын эрчим хүчний бодлогын судалгааны хүрээлэнгийн дарга Лин Боцян хэлсэн байна.
Хэлэлцээрийг зөвшөөрөхөд Украины дайны нөхцөл байдлаас үүдэлтэй геополитикийн хүндрэлүүд бий. Гэхдээ Хятадын зарим бодлогын шинжээчид Бээжин ОХУ-тай эрчим хүчний илүү гүнзгий түншлэлийн харилцаа тогтоох нь цаг хугацааны л асуудал гэж үзэж байна. “Үнэн хэрэгтээ Хятад улс Оросын газрын тос, байгалийн хийг ашиглах боломжоос татгалзана гэж хэн ч таамаглах ёсгүй” гэж Бээжинд төвтэй Хятад ба Даяаршлын төвийн дэд ерөнхийлөгч Виктор Гао ярьжээ. "Иймэрхүү худалдаа бол хэвийн, тайван худалдаа юм.
Орос, Хятадын эрчим хүчний асар их хэмжээний худалдаа нь "яваандаа дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн хэлбэр өөрчлөгдөхөд хүргэнэ... Өрнөдийнхөн үүнд гайхах хэрэггүй. ОХУ-ын хувьд “СХ 2” хоолойг тавих нь Европын Холбооны зах зээлээс алдсан хэсгээ нөхөх цорын ганц арга зам юм. Энэ зах зээл нь Ямалын хойгоос олборлодог хийн ихэнхийг импортолдог байв. Гэхдээ Хятад одоогоор шинэ хоолой тавихыг зөвшөөрөх сонирхолгүй байна.
Хятад улс хуурай газрын бусад хангамжийг хөгжүүлэхээр үнэхээр завгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Төв Азийн орнуудтай хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин "D шугам" гэж нэрлэгддэг хоолойг тавихыг дэмжсэн бөгөөд энэ нь Хятад улс Туркменстанаас байгалийн хий импортлох бүс нутгийн дөрөв дэх хоолой болно. Өнгөрсөн онд Туркменстанаас Хятад руу гурван хоолойгоор 35 тэрбум орчим шоо метр хий экспортолсон байна. Тэгвэл, “Сибирийн Хүч” хоолойгоор 16 тэрбум шоо метр хийг ОХУ-аас экспортолжээ. “СХ 2” хоолойг нэмээд ч ОХУ-ын Европын экспортоос алдсан хэмжээгээ нөхөж чадахгүй. Хийн үнэ ч бас буурна. Оросын хэлэлцээрийн байр суурь илүү хүчтэй байсан үед байгуулсан гэрээнд “Сибирийн хүч” хоолойгоор нийлүүлэх хийн үнийг Европын зах зээлийн ханшаас хамаагүй доогуур тогтоосон байдаг.
"Газпром Нефть" компанийн стратегийн асуудал эрхэлсэн захирал асан, Олон улсын энх тайвны төлөөх Карнегийн төвийн ахлах ажилтан Сергей Вакуленко хэлэхдээ, Орос бусад улсын хийн хоолойгоор дамжуулан нийлүүлэгчдэд Хятадын төлдөг үнээр ч тохиролцож чадахгүй гэжээ. Эдгээр хүчин зүйлийг харгалзан “СХ 2” нь Газпромд жилд ойролцоогоор 12 тэрбум ам.долларын орлого оруулах бөгөөд үүнээс 4.6 тэрбум ам.долларын татвар, шимтгэл төлнө гэж “BCS Global Markets” компанийн нефть, хийн ахлах шинжээч Рональд Смит үзэж байна. Энэ хэмжээнд 2023 онд ОХУ-ын эрчим хүчний сарын дундаж орлогын талаас багатай тэнцэхүйцээр өөрчлөлт гарах магадлал багатай юм. Гэвч төсвийн алдагдал хөөрөгдөж, дайны зардал өсөж, Европт нийлүүлэх байгалийн хийн хэмжээ багасахын хэрээр Кремль нэмэлт орлого олохын тулд аргаа барж байна. Колумбын их сургуулийн Т.Митрова хэлэхдээ, "Энэ хийд өөр очих газар байхгүй" гэлээ.
Сэтгэгдэл
aynqigzxde [188.68.36.28] 2024-10-23 00:55:14
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
jmmsymwjdh [188.68.36.28] 2024-10-23 00:55:13
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
ЗОЧИН [64.119.21.105] 2023-05-30 13:14:47
КОММЕНТ 103.10.21.53-Т КЫРГИЗСТАН ГЭСНИЙ ОРОНД ТУРКМЕНИСТАН ГЭЖ ЗАЛРУУЛАВ
Зочин [64.119.19.37] 2023-05-30 00:16:03
Энэ төсөл нэг хэсэгтээ зогсох нь тодорхой болчих шиг, манайд л сайн биз, энэ төсөл хэрэгжвэл манайд Оросын нөлөө, ашиг сонирхол эрчимжинэ, дагаад янз бүрийн дарамт шахалт ирнэ, Оросын мафи, авлига гээд муу бүхний үүр болно, ер нь хүсэх юм биш
Зочин [66.181.182.37] 2023-05-29 21:53:51
Манайхаар дамжих хоолой нь бүтэхгүй бол сайн сайн, холхон байсан нь дээр. Монголын яг тэхий дундуур хоолой татаад, ямар нэг эвгүй юм болбол яг тэр хоолойн 2 талаар хуваагаад авч мэдэх л гарууд шүү энэ хоёр хөрш.
Зочин [150.129.140.246] 2023-05-29 20:30:30
орос гөлөг шаажина, ганц эр бар дээрэлхдэг нь Монгол
ЗОЧИН [103.10.21.53] 2023-05-29 16:12:30
"ОРОС МОНГОЛООР ДАЙРУУЛААД ХИЙН ХООЛОЙГОО МАНАЙХРУУ АВААД ИРВЭЛ ХИЙ АВНА" ГЭЖ СИ ДАРГА ХЭЛСЭН Ш ДЭЭ, ҮҮНД ХЯТАД МӨНГӨ ГАРГАЖ ХАМТРАХГҮЙ ГЭЖ БГАА,ИЙМЭЭС "СИБИРИЙН ХҮЧ-2"-ИЙН АСУУДАЛ ТӨГС ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙГАА, ОРОС УКРАЙНД ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭХ ДАЙН ХИЙЖ САН ХӨМРӨГ НЬ ШАВХАГДАЖ БУЙ, ИЙМЭЭС ЭНЭ ТӨСӨЛ БАРАГ ХЭРЭГЖИХГҮЙ БОЛОВ УУ, ХЯТАД БАРУУН ТАЛААСАА ДЭЛХИЙД ХИЙН НӨӨЦӨӨРӨӨ ЭХНИЙ 5-Д ОРДОГ КЫРГИЗСТАНААС ЖИЛД 30 ТЭРБУМ ХИЙ АВАХААР САЯ ГЭРЭЭ БАЙГУУЛААД АЖЛАА ЭХЭЛЧИХЛЭЭ, ЭНЭ ӨМНӨ ОРЖ ИРСЭН ХИЙН ХООЛОЙНУУДТАЙГАА НИЙЛЭЭД ХЯТАДЫН БАРУУН БҮСИЙГ БҮРЭН ХАНГАЧИХНА, БАС ОРОСТ ТАВЬСАН БАРУУНЫХНИЙ ХОРИГ ГЭЖ АЙХТАР ГЕОПОЛИТИКИЙН АСУУДАЛ БИИ. БИД ҮҮНИЙГ ЗААВАЛ БОДОЛЦОХ ЁСТОЙ.
Kca [202.126.88.154] 2023-05-29 12:43:37
Өмнөх уулзалтууд дээрээ ярьж тохироод гар хөлийн үсгээ зурцгаасан. Юу гэж л манайхан шиг нэгэнт тохирсон урд өмнөх зүйлээ байн байн ярьж энэ цаг мөчийнхөө яриа хэлэлцээрийнхээ үнэ хүндийг доошлуух вэ дээ.
зочин [192.82.82.31] 2023-05-29 13:54:13
гарын үсэг зурж байхад чи дэргэд нь байсан уу 1 хятад улс төрч 100 орос улс төрч 1000 монгол улс төрчийг нийлүүлсэнээс холыг харна