БНАСАУ хиймэл дагуулынх нь хөөргөлт амжилтгүй болсныг хүлээн зөвшөөрчээ
Өнөө өглөө хөөргөсөн цэргийн тагнуулын хиймэл дагуул тээсэн пуужин хөдөлгүүрийн доголдлын улмаас Шар тэнгист унасан бөгөөд хоёр дахь хөөргөлтийг “аль болох ойрын хугацаанд” явуулахаар төлөвлөж байна гэж БНАСАУ мэдэгджээ. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, Пёньян баруун эргийн пуужин хөөргөх станцаасаа 06 цаг 27 минутын орчимд шинэ төрлийн “Malligyong-1” пуужинд суурилуулсан “Chollima-1” цэргийн тагнуулын хиймэл дагуулаа хөөргөсөн байна. Гэвч зөөгч пуужин “хэвийн нислэгийн үеэр эхний угсраа салсны дараа хоёр дахь угсрааны хөдөлгүүрт доголдол гарсны улмаас хүчээ алдаж, Шар тэнгист унасан гэж “KCNA” агентлаг мэдээлжээ.
Хөөргөлт амжилтгүй болсон нь “шинэ төрлийн хөдөлгүүрийн системийн найдвартай, тогтвортой байдал сул, ашигласан түлшний шинж чанар”-тай холбоотой гэдгийг сансрын технологийн хөгжлийн газрын хэвлэлийн төлөөлөгчийг эш татан мэдээлсэн байна.
Умардын тал хиймэл дагуул хөөргөхөд илэрсэн “ноцтой” доголдлуудыг сайтар судалж, тэдгээрийг арилгахын тулд шаардлагатай арга хэмжээг авна хэмээн мэдэгдээд, “хиймэл дагуулаа аль болох ойрын хугацаанд дахин хөөргөхөө” амлажээ. Пёньян мягмар гарагт мэдэгдэхдээ, тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж буй нь АНУ болон БНСУ-ын “аюултай” цэргийн сургуулилалтыг цаг тухайд нь хянахад “зайлшгүй шаардлагатай” гэсэн байна.
Сэтгэгдэл