Дэлхий орчмын тойрог замд буй хүний тоо өмнөх дээд амжилтыг эвдэв

Aдмин / Гадаад мэдээ

Хятадын "Шэньжөү-16" сансрын хөлгийг хөөргөсний дараа Дэлхий орчмын тойрог замд нэгэн зэрэг ажиллаж байгаа хүний тоо 17-д хүрч, өмнөх дээд амжилт эвдэгджээ.

Өмнөх дээд амжилтыг 2021 оны есдүгээр сарын 16-нд тогтоож байсан бөгөөд тухайн үед Дэлхий орчмын тойрог замд нийт 14 хүн гарсан байжээ. Тодруулбал, Олон улсын сансрын станц (ОУСС) дотор долоон хүн (ОХУ-ын хоёр, АНУ-ын гурав, Японы нэг, Францын нэг иргэн), Хятадын "Шэньжөү-12" сансрын хөлгөөр гурван сансрын нисгэгч, АНУ-ын “Crew Dragon” сансрын хөлгийн арилжааны нислэгийн багийн 4 америк иргэн сансарт гарсан байв. Үүний өмнөх дээд амжилт 25 жилийн турш эвдэгдээгүй юм. 1995 оны гуравдугаар сард Оросын “Мир” станц дотор зургаа, АНУ-ын “Endeavor” сансрын хөлөг дотор долоо буюу тойрог замд нийт 13 хүн нэгэн зэрэг ажиллаж байв.

"Шэньжөү-16" сансрын хөлгийг тавдугаар сарын 30-нд "Чанжэнь-2" пуужингаар хөөргөсөн бөгөөд уг хөлгөөр Хятадын гурван сансрын нисгэгч “Тяньгун” сансрын станц руу ниссэн байна. Хятадын сансрын станцад тус улсын мөн гурван сансрын нисгэгч ажиллаж байгаа бөгөөд уг хөлгөөр дэлхий рүү буцах юм. Энэ нь Хятадын тойрог замын станцын багийн ээлж солигдох хоёр дахь ажиллагаа болно.

ОУСС-д одоогийн байдлаар ОХУ-ын "Союз МС-23" сансрын хөлгийн баг, АНУ-ын “Crew Dragon” хөлгийн баг болон “Axiom Space AX-2” хувийн компанийн арилжааны нислэгийн багийн нийт 11 хүн буюу "Союз МС-23" сансрын хөлгийн багийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Сергей Прокопьев, Дмитрий Петелин, мөн Америкийн иргэн Фрэнк Рубио нар, “Crew-6” хөлгийн багт АНУ-ын Стивен Боуэн, Уоррен Хобург, Оросын сансрын нисгэгч Андрей Федяев, АНЭУ-ын сансрын нисгэгч Султан Алнеяди нар ажиллаж байна.

“Axiom Space AX-2” хувийн компанийн арилжааны нислэгийн багийг “NASA”-гийн сансрын нисгэгч асан Пегги Уистоны ахалж байгаа бөгөөд түүнтэй хамт Америкийн бизнес эрхлэгч Жон Шоффнер, Саудын Арабын сансрын анхны эмэгтэй нисгэгч Райана Барнави, нисгэгч Али Аль-Карни нар ниссэн юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.