Эрдоганы ээлжит ялалт ба Турк-Барууны харилцаанд гарах өөрчлөлтүүд

Aдмин / Гадаад мэдээ

Туркийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдахь шатны санал хураалтын дүнг дэлхий даяараа маш анхааралтай ажиглан харж байлаа. Удалгүй сонгуулийн дүнг албан ёсоор зарласны дараа нийслэл Анкара хотын гудамж талбайнууд төрийн далбаа барьсан Эрдоганыг дэмжигчдээр дүүрлээ.

Учир нь, Турк улсыг 20 жилийн турш удирдсан одоогийн ерөнхийлөгч Р.Эрдоган гуравдахь удаагаа төрийн тэргүүнээр ажиллах нь тодорхой болжээ.

Турк улс бүгд найрамдах засаглалд шилжсэнээс хойших эхний гурван ерөнхийлөгч буюу орчин үеийн Туркийг үндэслэгч Мустафа Кемал Ататюрк (1923-1938, дөрвөн удаа), түүнийг залгамжлагч Исмет Инёню (1938-1950, дөрвөн удаа), Махмуд Желял Баяр (1950-1960, гурван удаа) нар 3 ба түүнээс дээш удаа төрийн тэргүүнээр сонгогдож байжээ.

ВВС агентлагийн Анкара дахь тоймч Орла Герин хэлэхдээ “Эрдоган бол хүчирхэг удирдагч, манай эрин цагийн султан бөгөөд хэний ч өмнө толгойгоо бөхийлгөөгүй хүн” гэж тодорхойлжээ. Маш олон турк иргэд сайн удирдагчаас илүүтэй хүчирхэг удирдагчийг хүсэмжилж байдгийг энэ удаагийн сонгууль харууллаа.

Туркэд ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид явагдаж байх үед “Эрдоганы 20 жилийн засаглал төгсгөл болох нь” хэмээн барууны орнуудад битүүхэндээ хүлээж, чимээгүйхэн ажиглаж байв. Гэтэл Эрдоган дахиад ялснаар барууныхныг амаргүй байдалд орууллаа.

Чухал холбоотон

Украинд дайн болж буй энэ үед Туркийн стратегийн байр суурь эрс өргөжсөн гэж хэлж болно. Эрдоган ялалт байгуулсан нь ням гарагийн орой тодорхой болмогц дэлхийн олон орны удирдагчид түүнд баяр хүргэхээр яаравчилсан нь дээрх дүгнэлтийг баталлаа. Хамгийн түрүүнд, сонгуулийн дүнг албан ёсоор зарлахыг хүлээлгүйгээр Эрдоганд баяр хүргэсэн хүмүүсийн нэг бол Оросын Ерөнхийлөгч В.Путин юм. Түүний үзэж байгаагаар, Эрдоган ялалт байгуулсан шалтгаан нь түүний явуулж буй “хараат бус гадаад бодлого”-той холбоотой ажээ.

НАТО дахь Туркийн холбоотнууд Оросын эсрэг хориг тавьж, тус улсаас эрчим хүчний хараат байдлаа багасгасан хэдий ч Украин руу довтолсон Оросыг Эрдоган шүүмжлэх хүсэлгүй хэвээр байгаа нь Кремльд онцгой ихээр таалагдаж байна хэмээн ВВС-гийн тоймч Катя Адлер дүгнэжээ.

Путинээс гадна АНУ, Францын ерөнхийлөгч нар ялсан даруйд нь Эрдоганд баяр хүргэлээ. Анкара, Москва хоёр ойртон түншилж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө рүү Эрдоган дайрч давшилж байгаа, мөн Турк-Барууны харилцаа ярвигтай, урьдчилан таамаглахын аргагүй байгаа хэдий ч Барууны орнуудын хувьд Турк бол маш чухал холбоотон юм. Турк бол НАТО-гийн цэргийн эвслийн нөлөө бүхий гишүүн бөгөөд эвслийн бүх ажиллагаанд оролцдог. Тус улс Оростой нягт хэлхээ холбоотой тогтоосны зэрэгцээ Украинд цэргийн тусламж үзүүлдэг.

Туркийн тал зуучилсны ачаар сөргөлдөгч талууд “үр тарианы хэлцэл” байгуулахыг зөвшөөрсөн бөгөөд үүний үр дүнд дэлхийн хүнсний хямрал намжсан билээ. Түүнчлэн Финландыг НАТО-д элсүүлэхийг Туркийн тал эсэргүүцээгүй бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар, Шведийг элсүүлэхийг ч удахгүй зөвшөөрөх болов уу.

Түүнээс гадна, Турк бол Европыг нөмөрсөн цагаачлалын асуудлыг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй улс юм. Тодруулбал, 2015 онд болсон цагаачлалын хямралын дараа визийн хөнгөлөлт ба их хэмжээний мөнгийг Туркэд амласны хариуд тус улсаар дамжих цагаачдын урсгалыг Европын Холбооны гишүүн орнуудын зах хязгаарт хүргэхгүйн тулд Эрдоган ихээхэн хүчин чармайлт гаргажээ.

Туркэд байгаа Сирийн дүрвэгсэд

Дипломат бодлогын асуудлаар бичдэг “Guardian” сонины тоймч Патрик Винтур-ын үзэж байгаагаар, Эрдоган Турк улсыг барууны либерал үнэт зүйлсээс улам холдуулах вий хэмээн барууныхан болгоомжилж байна. Гэхдээ тэрбээр дахин нэр дэвших боломжгүй учраас үндэсний үзэлт сонгогчдод таалагдах гэж хичээх шаардлагагүй болж, бусдын санаа бодлыг сонсож, “өөрийгөө хамгаалан үлдэх”-ээс арай өөр зүйлд түшиглэн гадаад бодлогоо явуулж магадгүй гэсэн найдлага бий.

“Ямар ч тохиолдолд Эрдоганы хийх сонголт нь зөвхөн Турк, НАТО-д төдийгүй Украины дайн дууссаны дараа бүрэлдэн тогтох дэлхийн дэг журамд хамаатай” гэж П.Винтур дүгнэжээ. Үүний сацуу барууны дипломатчид болон шинжээчид Эрдоган, Путин хоёр улам ойртон түншлэхээс болгоомжилж байна.

Барууныхан Туркэд юуг санал болгож чадах вэ?

Барууны удирдагчид Анкарад тодорхой буултууд хийж магадгүй бололтой. Гэхдээ үүнийг хийх нь тийм ч амар бус. Жишээ нь, харьцангуй олон курд иргэдийг хүлээн авсан Шведийн хувьд гэхэд, Эрдоганы тавьж буй зарим шаардлагыг биелүүлэхэд хүндрэлтэй. Тухайлбал, 140 курд иргэнийг Туркэд шилжүүлэн өгөх тухай асуудал бий, гэтэл тэдний нэрсийг эцсийн байдлаар Шведийн засгийн газарт гаргаж өгөөгүй байна.

Анкарагийн таалалд нийцүүлэхийн тулд Шведийн тал “терроризмын эсрэг” хуулиудаа чангатгаж, Шведэд амьдардаг курдууд Курдистаны Ажилчны намыг /террорист байгууллага гэж Турк үздэг/ санхүүжүүлдэг гэдгийг нотлох баримтуудыг шинжлэн судлахад бэлэн байгаа ажээ.

Эрдоганыг “автократ удирдагч” гэж нэрлэдэг Ж.Байден хүртэл 20 тэрбум доллароор үнэлэгдэх Ф-16 сөнөөгч онгоцуудыг Туркэд худалдахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан. Гэхдээ Америкийн ерөнхийлөгч эхлээд Конгрессын Төлөөлөгчдийн танхимын ба Сенатын Гадаад бодлогын хороодын дарга нараас зөвшөөрөл авсан байх ёстой. Төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын хорооны дарга, БНН-ын гишүүн М.Маккол саяхан хэлэхдээ, Шведийг НАТО-д элсүүлэхийг Эрдоган дэмжвэл Туркэд сөнөөгч онгоцууд нийлүүлж болох юм гэсэн санаагаа илэрхийлжээ. Харин Конгресс дахь АН-ынхан “Грекийн эсрэг заналхийллээ Турк зогсоох ёстой” гэсэн илүү хатуу шаардлагыг тавьж байгаа юм.

Европын Комиссын хувьд, Эрдоганы авторитар засаглалд шүүмжлэх байр сууринаас хандаж байна. “Ардчиллын төлөв байдал дордож, хуулийг дээдлэх зарчим, хүний эрх, эрх чөлөө, шүүхийн хараат бус байдал алдагдаж буйд ЕХ маш ихээр санаа зовниж байна” гэж Европын гадаад харилцааны албаны илтгэлд дурджээ.

2018 онд ЕХ-нд Туркийг элсүүлэх асуудлаар 2005 оноос хойш хийж байсан хэлэлцээгээ Барууныхан зогсоосон боловч бүрмөсөн таслаагүй байгаа. Эрдоганы ээлжит ялалтын дараа хэлэлцээг сэргээн үргэлжлүүлж магадгүй, гэхдээ юуны түрүүнд Туркийн тал “Кипр бол ЕХ-ны гишүүн” гэдгийг шууд бусаар ч гэсэн хүлээн зөвшөөрөх ёстой болно. Туркийн цэргүүд Киприйн арлын хойд хэсгийг бараг 50 жилийн турш эзэлсэн хэвээр байгаа юм.

Брюссель дэх “European Policy Centre” дүн шинжилгээний төвийн шинжээч Аманда Пол-ын үзэж буйгаар, ЕХ-ны гишүүн орнуудын хувьд, улам үндсэрхэг болж буй Турктэй харилцах сонирхол багатай” байгаа бол эсрэгээр Туркийн хүн амын 70 орчим хувь нь улс орноо ЕХ-нд нэгтгэхийг дэмжиж байгаа аж.

Үүний зэрэгцээ Сирийн дүрвэгсдийн тоо улам нэмэгдэж, 3,5 саяд хүрээд буйг туркчууд таашаахгүй байна. Үүний илрэл бол, Ерөнхийлөгчийн сонгуультай нэгэн зэрэг болсон парламентын сонгуульд оролцсон улс төрийн намууд бүгдээрээ “цагаачдын асуудлыг” шийднэ гэсэн амлалт өгчээ. Харин Эрдоган 2020 онд Гректэй залгаа хилээ нээх замаар ЕХ-той хийж байсан сөргөлдөөндөө дүрвэгчдийг аль хэдийнэ ашиглачихсан удаа бий.

Бүс нутгийн хэт их гүрэн

Эрдоган ба Барууны хоорондын харилцаанд үүссэн асуудлууд бол цогц асуудлууд учраас тэдгээрийг цогцоор нь шийдэхээс өөр аргагүй.

Сөнөөгч онгоцуудыг Туркэд нийлүүлснээр Анкара, Москва хоёрын харилцаа муудах нь юу л бол. Сонгуулийн сурталчилгааны үеэр Эрдоган хэлэхдээ, Турк, Орос хоёр онцгой харилцаатай гэдгийг дурдаад, түүний Путинтэй тогтоосон харилцааны ачаар “үр тарианы хэлцэл” байгуулагдсаныг сануулжээ.

Оросын эсрэг барууны хоригийг мөрдөхгүй байгаа Туркийн бизнес эрхлэгчдэд “сануулга өгөх” нь зүйтэй гэдгийг Эрдоганд ятган ойлгуулах зорилгоор Америкийн дипломатчид хэд хэдэн удаа Анкарад очсон боловч төдийлөн амжилт олсонгүй. Туркийн тал Оросын эсрэг хориг тавихыг хүсэхгүй байгаа бол харин америкчууд Туркийн эсрэг дахиад хориг тавихыг эрмэлзэхгүй байгаа нь Эрдоган Путиний нөлөөнд орчихно гэж болгоомжилж буйтай холбоотой.

Эрдоган дахин сонгогдсоноор Турк улс ЕХ-нд элсэх асуудал тодорхойгүй хугацаагаар хойшлогдоно. Үүний зэрэгцээ, 20 жилийн өмнөхөөс ялгаатай нь гэвэл, ЕХ-нд элсэх эсэх нь Туркийн Ерөнхийлөгчийн шийдэх ёстой улс төрийн асуудлуудын жагсаалтын сүүл хэсэгт бичигдэж байна.

Эрдоганы өөрийнх нь бодлого, үйл ажиллагаа ба газар хөдлөлтийн уршгаар Туркийн эдийн засаг хүнд байдалд орсон нь Барууныхны зүгээс Анкарад шахалт үзүүлэх хөшүүрэг байж болох ч энэ нь тодорхой хэмжээ хязгаартай.

Саудын Араб, Сири, Египет, Армени зэрэг хөршүүдтэйгээ харилцахад үүссэн хүндрэлүүдийг арилгах гэсэн Эрдоганы төлөвлөгөөг Барууныхан сайшаан дэмжиж байгаа бөгөөд тэрбээр дахин сонгогдсон нь энэ тал дээр яах аргагүй сайн мэдээ. Сирийн дүрвэгсдийг нутагт нь буцаана гэж амлаж байсан түүний өрсөлдөгч Кылычдароглу ялагдсан нь мөн л сайн мэдээ, учир нь, дүрвэгсдийг буцаасан тохиолдолд тэд Европ руу бөөнөөрөө тэмүүлэх нь гарцаагүй.

Гэхдээ сонгуулийн дүнгээр Эрдоган ерөнхийлөгч болсон нь тодорхой бөгөөд холбоотнуудынхаа хүсэл зоригийг харгалзан үзэхгүйгээр бүс нутгийн хэт их гүрнийг байгуулж, тухайн нөхцөл байдалд зохицсон эвсэл холбоог байгуулахыг илүүд үзэж магадгүй. Энэ үед Барууны орнууд Туркийг өөрсдийн хүрээлэлд барьж байхын тулд тус улсад юуг санал болгож чадах вэ, эдгээр саналыг нь Эрдоган авч хэлэлцэх үү гэдэг нь тун эргэлзээтэй. Үүний сацуу Эрдоганы хувьд гуравдахь бүрэн эрхийн хугацаа нь эцсийнх мөн эсэх нь ч бас эргэлзээтэй.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

erka [202.21.117.50] 2023-06-04 13:41:50

edogan ch mash sain eronhiilogch shuu.

Туркууд зөв сонголт хийжээ. [192.82.89.33] 2023-06-02 01:09:05

Зөв,зөв. Эрдоган бол бие даасан чанга улс төрч. Түүнийг сонгосон нь болж байгаа юм.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.