Оросоос импортолсон Хятад, Энэтхэгийн газрын тосны хэмжээ эрс өсжээ
ОХУ-аас импортолдог Хятад, Энэтхэгийн газрын тосны хэмжээ тавдугаар сард эрс нэмэгдэж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрснийг пүрэв гарагт танилцуулсан тайлан мэдээ харуулжээ. Тодруулбал, газрын тосны ачаа тээврийн мэдээллийн “Vortexa”, түүхий эдийн зах зээлийн “Kpler” компанийн тайланд мэдээлснээр, дэлхийн газрын тосны хамгийн том болон гурав дахь том импортлогч тус орнууд ОХУ-аас тухайн сард нийтдээ 110 сая торх газрын тос худалдан авсан байна.
Энэ нь дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад 10 орчим хувиар өссөн үзүүлэлт болохыг тайланд дурджээ. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон түүний холбоотнуудын /ОПЕК+/ эгзэгтэй уулзалтын өмнө импорт ийнхүү дээд үзүүлэлтэд хүрсэн байна. "ОПЕК+" бүлгийн гишүүд зургаадугаар сарын 4-ний өдөр хийх уулзалтаараа олборлолтынхоо хэмжээг одоогийн түвшинд хэвээр үлдээх төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
Өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш "ОПЕК+" олборлолтоо өдөрт хоёр сая торхоор танаад байгаа бөгөөд дөрөвдүгээр сард "ОПЕК"-ийн зарим гишүүд сайн дурын үндсэн дээр олборлолтоо тавдугаар сараас энэ оны эцэс хүртэл өдөрт 1.66 сая торхоор бууруулахаар шийдвэрлэсэн.
Тус байгууллагын бүрэлдэхүүнд багтдаг Саудын Араб, Ирак, АНЭУ, Кувейт, Алжир, Оман зэрэг орнууд нь түүхий газрын тосны экспортын орлогоос ихээхэн хамааралтай бөгөөд эдийн засгаа дэмжихийн тулд газрын тосны үнийг өсгөх шаардлагатай байгаа юм. 2022 оны 10 дугаар сард гаргасан шийдвэр нь коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш газрын тосны олборлолтыг хамгийн их хэмжээгээр бууруулсан шийдвэр болсон бөгөөд дэлхийн газрын тосны эрэлтийн 2 орчим хувийг эзэлж байна.
Сэтгэгдэл
Зочин [122.201.19.2] 2023-06-02 17:32:30
хӨӨРХИЙДӨӨ ЗӨНӨГ ФА ШИСТ ТӨГЦӨГ ФУТЛЕРЭЭС БОЛООД ОРК ОРОСУУД НЕФТИЭ ХУЖАА ЭНЭТХЭГТ БАРАГ АШИГГҮЙ ЗАРЖ БАЙГАА ХАХАХА