С.Мөрөн: Хөгжлийн банкнаас нээлттэй, ил тод зарчимд үндэслэн үл хөдлөх хөрөнгөө борлуулна
Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд нээлттэй зарж, борлуулах ажлыг энэ сарын 3-ны өдрөөс эхлүүлжээ. Өнгөрсөн оноос эхлэн тус банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт эрчимжиж, өнөөдрийн байдлаар нийт 1.3 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгджээ. Түүнчлэн Хөгжлийн банкнаас зээлийн эргэн төлөлтийг хангуулахад нэн тэргүүнд бэлэн мөнгөөр төлүүлэх зарчмыг барьж байгаа аж. Мөн чанаргүй, эрсдэлтэй болсон зээлдэгчдээс үл хөдлөх хөрөнгийг нь хурааж авах зарчмаар эргэн төлөлтийг хийлгүүлж байна.
Нийт эргэн төлөлтийн 1.3 их наяд төгрөгөөс 270.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгө тус банкны өмчлөлд бүрэн шилжсэн байна. Үүнд бүрэн ашиглалтад орсон болон одоогоор бүтээн байгуулалтын ажил нь үргэлжилж буй үл хөдлөх хөрөнгүүд багтжээ.
Хөгжлийн банкны Захиргаа удирдлагын газрын захирал С.Мөрөн "Хөгжлийн банкнаас нээлттэй, ил тод зарчимд үндэслэн үл хөдлөх хөрөнгөө борлуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хөгжлийн банкны албан ёсны веб хуудаснаас авах боломжтой. Үл хөдлөх хөрөнгийг шат дараатайгаар борлуулахаар төлөвлөсөн төдийгүй эхний ээлжинд 6.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 18 үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд борлуулна. Зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үнэлгээг суурь үнэлгээ болгож, үүн дээр зарж, борлуулах хүртэлх хугацааны зардлыг нэмж худалдахаар төлөвлөсөн. Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт зургаадугаар сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ" гэлээ.
Сэтгэгдэл