Иран Саудын Арабад Элчин сайдын яамаа долоон жилийн дараа дахин нээлээ
Иран улс дипломат маргааны улмаас долоон жилийн өмнө хаагаад байсан Саудын Араб дахь Элчин сайдын яамаа мягмар гарагт дахин нээжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж буйгаар, уг үйл ажиллагаанд Ираны Гадаад хэргийн дэд сайд Ализера Бегдали, Жидда хот дахь Ираны төлөөлөгч Хассан Зарнагар Абаргуи нар оролцжээ. Иран улс мөн Саудын Арабын боомт хот Жиддад Консулын газраа лхагва гарагт дахин нээх төлөвтэй байна.
Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канаани Саудын Арабад дипломат төлөөлөгчийн газруудаа дахин нээхээр болсныг Өмнөд Африкт БРИКС-ийн уулзалтын хүрээнд хийсэн хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа мэдэгдсэн юм.
Персийн булангийн тус хоёр орон Ирак, Оманы зуучлалтайгаар хоёр жил хэлэлцээ хийсний эцэст өнгөрсөн гуравдугаар сард дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцсон бөгөөд эцсийн шатны хэлэлцээнд Хятад улс зуучилсан юм. Саудын Арабын тал мөн Иранд дипломат төлөөлөгчийн газруудаа дахин нээх бэлтгэл ажлыг хийж байгаа ч энэ талаарх төлөвлөгөө хараахан эцэслэн шийдэгдээгүй байгаа ажээ.
2016 онд шиитийн номлогч Нимр аль Нимрийг Саудын Арабад цаазаар авсныг эсэргүүцсэн иранчууд Техран дахь Саудын Арабын ЭСЯ руу дайрсан нь хоёр тал дипломат харилцаагаа таслах шалтгаан болжээ. Өнгөрсөн сарын сүүлээр Ираны дипломатч Алиреза Энаятиг Саудын Арабад суух шинэ Элчин сайдаар томилсон юм. Ираны Гадаад хэргийн яамны Персийн булангийн асуудал эрхэлсэн газрыг даргалж байсан А.Энаяти нь урьд нь Иранаас Кувейтэд суух Элчин сайдын албыг хашиж байжээ.
Сэтгэгдэл