АНУ, Их Британи цэвэр эрчим хүч, хиймэл оюун ухааны салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак нар АНУ, Их Британийн эдийн засгийн нягт харилцааг гүнзгийрүүлэхээр тохиролцож, цэвэр эрчим хүчний шилжилтийг түргэсгэж, нэн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхээ амлав.
Хоёр орны удирдагчид мөн “Украины ард түмэнд тууштай дэмжлэг үзүүлэх” талаар хэлэлцсэн гэж Ж.Байден Их Британийн удирдагчтай хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлжээ.
Ж.Байден, Р.Сунак нар уулзалтынхаа үеэр “Атлантын тунхаглал”-д гарын үсэг зурсан бөгөөд Их Британийн Ерөнхий сайд уг баримт бичгийг хиймэл оюун ухаан болон эдийн засаг, арилжааны харилцааны бусад асуудлаарх ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон анхны эдийн засгийн түншлэл гэж тодорхойлсон байна.
“Европын Холбооноос гарсныхаа дараа Их Британи ямар түнш байх вэ гэж хүмүүс гайхаж байсан. Биднийг үйл хэрэг, үйлдлээр маань дүгнээрэй гэж хэлмээр байна. Урьдын адил бид үнэт зүйлдээ үнэнч, найдвартай холбоотон, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг хэвээр байгаа” гэж Р.Сунак хэлжээ. Талууд мөн хиймэл оюун ухаан, Умард Ирландын талаар хийгээд эдийн засаг, аюулгүй байдлын салбарын харилцан сонирхсон асуудлуудаар хэлэлцсэн байна.
Украины Нова Каховка хотод далан сүйдсэн явдалд Орос буруутай эсэхийг барууны холбогдох албаныхан тогтоохоор ажиллаж буй үед энэхүү уулзалт болжээ. Далан нурсны улмаас олон арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрээд байгаагаас гадна эдийн засаг, байгаль орчинд ноцтой хохирол учраад байна. Украин, Оросын талууд уг хэрэг явдалд харилцан бие биеэ буруутгасаар буй.
Ж.Байден, Р.Сунак нар хамгийн сүүлд Японы Хирошима хотод өнгөрсөн сард болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан юм. Мөн дөрөвдүгээр сард Умард Ирландын нийслэл Белфаст хотод, гуравдугаар сард АНУ-ын Сан-Диего хотод уулзсан билээ.
Пүрэв гаргийн хэлэлцээний үеэр Р.Сунак хиймэл оюун ухааны салбарын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хөндөөд, Их Британи энэ намар энэ асуудлаарх анхны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна гэж мэдэгджээ. Уг уулзалтын үеэр хиймэл оюун ухаанаас учрах эрсдэлийг олон улсын зохицуулалтын тусламжтайгаар хэрхэн бууруулах талаар хэлэлцэх ажээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл