Нобелийн шагналтнууд энх тайвны тунхаглалд гарын үсэг зурав
Бүх хүн төрөлхтний нөхөрлөл, эв нэгдлийн бэлгэдэлд зориулсан "Ганцаараа биш" нэртэй дэлхийн хэмжээний уулзалт Ватиканд болж, олон мянган хүн оролцжээ. Зургаадугаар сарын 10-ны бямба гарагт Гэгээн Петрийн талбайд болсон уг арга хэмжээнд мөн Нобелийн 30 шагналтан оролцож, дэлхий даяар энх тайван, эв нэгдлийг уриалсан тунхаглалд гарын үсэг зуржээ.
"Зэвсэгт мөргөлдөөнийг зогсооцгооё. Цөмийн зэвсэг, бөмбөгөөс ангид байж, хүмүүсийг дахиж нутаг орноос нь цөлөхгүй, яс үндэстнээр нь ялгаварлан хоморголохгүй байхын төлөө, дарангуйлал, авлига, боолчлолгүй байхын төлөө бид үзэл бодлоо илэрхийлж байна" гэж тунхаг бичигт дурджээ. Тунхаглалд Польшийн Ерөнхийлөгч асан Лех Валенса, Колумбын Ерөнхийлөгч асан Хуан Мануэл Сантос, Коста-Рикагийн Ерөнхийлөгч асан Оскар Ариас Санчес зэрэг хүмүүс гарын үсэг зурсан байна.
Гэгээн Петрийн талбайд цугласан олонд тунхаглалыг Ирак дахь бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэлд оруулсан хүчин чармайлтынхаа төлөө 2018 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Надя Мурад уншиж сонсгожээ. Тэрбээр бэлгийн хүчирхийлэл, зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохыг уриалаад "энх тайван, шударга ёс, эрх тэгш байдал хүн төрөлхтний хувь заяаг шийднэ" хэмээн мэдэгдсэн байна.
Ромын Пап Францис мөн энэхүү уулзалтад үг хэлэхээр төлөвлөж байсан боловч тэрбээр эмнэлэгт мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байгаа тул хамба Мауро Гамбетти түүний илгээлтийг уншиж сонсгожээ.
Францис илгээлтдээ, "Хүчирхийлэл, дайн дажинд хуваагдсан манай дэлхийд жижиг өөрчлөлтүүд ч хангалтгүй байна. Зөвхөн зүрх сэтгэлийн угаас төрсөн, мөн эв найрамдал нөхөрлөлийн харилцаанд суурилсан агуу оюун санааны хийгээд нийгмийн харилцаа л хүний нэр төрийн цэвэр ариун, халдашгүй байдлыг дахин тэргүүн эгнээнд тавьж чадна" хэмээн дурдсан байна.
Сэтгэгдэл
Буурал [103.212.118.74] 2023-06-13 22:32:47
Жон баыдэнд захиа бичихгүй. Жон өаыыдэн ану мөнгө өгөөд дайн өргөжөөд хүн өурххн болоод байна Дайн зогсоох нэг арга нь өхыден ану мөнгө агөхийг зогмоох.