Япон улс БНАСАУ-ын пуужин хөөргөлтөд өндөржүүлсэн бэлэн байдлаа хэвээр мөрдөнө
Умард Солонгосын зүгээс цэргийн тагнуулын хиймэл дагуул тээсэн пуужин хөөргөхөөр зарласан товлолт хугацаа урьд шөнөөр дуусгавар болсон. Гэсэн хэдий ч Япон улс умардын пуужин нутаг дээгүүр гарах эсвэл хэлтэрхийнүүд нь унах нөхцөлд устгах тушаалтай өндөржүүлсэн бэлэн байдлын түвшнээ хэвээр мөрдөхөөр шийдвэрлэсэн байна. Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацуно Хироказу өнөөдөр /2023.06.12/ энэ тухай мэдээлжээ.
Японы Батлан хамгаалахын сайд Хамада Ясуказү ням гарагт, Умард Солонгосын пуужин эсвэл хэлтэрхий Японы нутагт унах эрсдэл үүсэхэд даруй устгахыг Японы өөрийгөө хамгаалах хүчинд үүрэгдсэн тушаалынхаа хугацааг сунгасан байна. Өнгөрөгч 5-р сарын 31-нд Умард Солонгос цэргийн тагнуулын зориулалттай хиймэл дагуул бүхий пуужин хөөргөсөн нь бүтэлгүйтэж, Солонгосын хойгийн баруун талд Шар тэнгист унаж сүйрсэн. Үүний дараа Умардын эрх баригчид хоёр дахь пуужингаа тун удахгүй хөөргөнө гэж мэдэгдсэн учраас тив алгасагч баллистик пуужингийн технологи ашигласан хөөргөлт дахин болж болзошгүй гэж үзэж байгаагаа Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга өнөөдөр /2023.06.12/ сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ ярьсан байна.
Мөн аливаа эрсдэлт нөхцөл байдлаас сэргийлэх үүднээс Засгийн газар бүх талын мэдээлэл болоод үнэлэлт дүгнэлтүүдэд тулгуурласан зохист тогтолцоо бүрдүүлж ажиллах болно гэдгийг мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ тэрээр баллистик пуужингийн технологи ашиглахыг Пхеньянд хориглодог НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчин удаа дараа пуужин хөөргөж байгаа Умард Солонгосын эрх баригчдыг эрс шүүмжилжээ.
Умард Солонгос 1998-2016 оны хооронд “Кванменсон” нэртэй дөрвөн ч хиймэл дагуул хөөргөх оролдлого хийж байсан. Цэргийн тагнуулын хиймэл дагуул боловсруулж хөөргөхийг Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын Төв хорооны 2022 оны 12-р сард болсон бүгд хурлаас хамгийн тулгамдсан зорилтын нэг гэж мэдэгдсэн байна. Япон улс Умардаас пуужин хөөргөх явцад учирч болзошгүй аюулд бэлэн байх үүднээс баруун өмнөд хязгаарын арлууд дээрээ PAC-3 амдан сөнөөгч зенитийн пуужингууд байрлуулсан байна. Мөн Дорнод Хятадын тэнгист “SM-3” амдан сөнөөгч пуужингуудаар тоноглосон “Aegis” эсминец хөлөг онгоцуудаа байрлуулаад байгаа юм..
Сэтгэгдэл