АНУ-ын ерөнхийлөгч НАТО-гийн тэргүүн Йенс Столтенбергтэй уулзжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр америкийн Ерөнхийлөгч холбоотнууд нь хэзээ хэзээнийхээс илүү нэгдмэл байгааг тэмдэглэсэн байна.
“НАТО доторх харилцааг шинэчлэх, мөн Украиныг батлан хамгаалах чадавхиар хангахад үзүүлж байгаа тусламжид бид нэгдмэл хүч байж чадаж байна. Финланд улс НАТО-д элссэн саяхны үйл явдал үүний нэг жишээ юм” гэж Байден Столтенбергийг Цагаан ордны Зуйван танхимд хүлээн авч уулзах үеэрээ мэдэгджээ. Мөн “Путин алдаа гаргаж байна. Тэр НАТО-г финландчилахыг эрмэлзэж байсан бол, Финланд натожлоо, Швед ч бас тун удахгүй байх” гэж Байден ярьсан байна. Столтенберг харин, АНУ болон НАТО-гийн Украинд үзүүлж байгаа дэмжлэгийн ач холбогдол тулааны талбарт гарч байна гээд, Украинчуудын эхлүүлсэн сөрөг давшилт амжилт олж ахицтай байгааг тэмдэглэжээ.
Мөн Оросын 16 дахь сардаа үргэлжилж байгаа дайн бол “бүх эрх чөлөөт хүмүүсийн эсрэг” тэмцэл гэж үзэж байгаагаа Столтенберг мэдэгдэж, Украинчууд улам их газар нутаг чөлөөлж, тэр хэрээр хэлэлцээний ширээнд хүчтэй байр суурьтай болж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ч бас энэ түрэмгий дайнд хэзээ ч ялахгүй гэдгээ тодорхой шатанд ойлгох байх гэж Столтенберг ярьжээ. Тэдний энэ уулзалтад АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөн оролцсон байна. Өмнөх өдөр нь НАТО-гийн тэргүүнтэй уулзах үеэрээ Блинкен, энэ дээд хэмжээний уулзалтын үр дүн Украинд улс төрийн болоод биет тусламжийн багц болж хүрнэ гэсэн хүлээлттэй байгаагаа хэлж, Шведийг эвслийн дараагийн гишүүнээр хүлээж авах цаг нь болсон гэж үзэж байгаагаа мэдэгджээ. НАТО-гийн тэргүүн энэ үеэр мөн, эвслийн гишүүн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх, түүний дотор батлан хамгаалах зардлаа өсгөх тухайд нэгдмэл байна гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Харин Столтенбергийг энэ оны сүүлээр ажлаа өгсний дараа НАТО-гийн дараагийн тэргүүн хэн болох тухайд талууд ямар нэг тодруулга мэдээлэл энэ үеэр өгөөгүй байна.
Сэтгэгдэл