Ши Жиньпин Билл Гейтстэй уулзав
БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Билл ба Мелинда Гейтс” сангийн тэргүүн Билл Гейтстэй Бээжин хотноо баасан гарагт уулзав. Ши Жиньпин дэлхий даяар ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, хөгжил, хүмүүнлэгийн үйлсийг дэмжих чиглэлээр олон жилийн турш тууштай хүчин чармайлт гаргаж буй Б.Гейтс болон Гейтсийн сангийн үйл ажиллагааг сайшаажээ.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ, “Өдгөө дэлхийн хэмжээнд зуунд үзэгдэж байгаагүй чухал өөрчлөлтүүд гарч байна. Миний бие дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг даван туулахад Хятад улсын зүгээс шийдэл санал болгохын тулд “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга”, “Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга”-ыг дэвшүүлээд байна” хэмээн тэмдэглэжээ.
Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, Хятад улс юун түрүүнд улс орондоо тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд түлхүү анхаарч байна хэмээгээд, 1.4 тэрбум гаруй хүн амтай томоохон орны хувьд урт хугацааны тогтвортой байдал, тогтвортой хөгжлийг хангах нь дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд оруулж байгаа томоохон хувь нэмэр юм гэв.
“Хятад улс бүх оронтой шинжлэх ухаан, технологийн инновацын чиглэлд өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын эсрэг тэмцэл, нийгмийн эрүүл мэнд зэрэг дэлхий нийтийн сорилт бэрхшээлийг даван туулахад идэвхтэй оролцож, хариу арга хэмжээгээ ахиулахад бэлэн байна” гэж БНХАУ-ын дарга хэлжээ.
Мөн Хятад улс Гейтсийн сантай холбогдох салбаруудад хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, бусад хөгжиж буй орнуудад хүчин чадлынхаа хэрээр дэмжлэг туслалцаа үзүүлнэ хэмээн тэрбээр нэмж хэлэв. Түүнчлэн та бол энэ жил Бээжинд уулзсан миний анхны Америк найз гэж Б.Гейтст хандан хэлээд, дэлхий нийт “COVID-19” цар тахлыг даван туулаад байгаа энэ үед хүмүүс илүү их аялж зорчиж, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэх хэрэгтэйг тэмдэглэв.
Үүний хариуд Б.Гейтс, Хятад улстай өрнүүлж буй хамтын ажиллагааны ахиц дэвшил, цаашдын хэтийн төлөвийн талаар хэлсэн үгэндээ цохон тэмдэглэсэн байна. Мөн Хятад улс ядуурлыг бууруулах, “COVID-19”-ийн эсрэг тэмцэлд гайхалтай амжилт гаргаж, дэлхий дахинд сайн үлгэр дууриал үзүүлж байгааг онцолжээ.
Тэрбээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Гейтсийн сангийн Хятад улстай өрнүүлж буй хамтын ажиллагаанд гайхалтай ахиц дэвшил гарсан бөгөөд Хятадын хөгжил дэвшил, инновацын хөгжил нь Хятад улсдаа төдийгүй хөгжиж буй орнууд болон дэлхий дахинд үр нөлөөтэй болохыг тэмдэглэсэн байна.
Гейтсийн сан нь Хятад улстай инновац, дэлхий даяар ядуурлыг бууруулах, нийгмийн эрүүл мэнд, эм, эмийн бүтээгдэхүүний судалгаа хөгжүүлэлт, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, амжилттай туршлага, технологийг хөгжиж буй бусад орнуудад түгээн дэлгэрүүлэхийн төлөө ажиллахад бэлэн байна гэж Б.Гейтс хэлжээ.
Сэтгэгдэл