Японы эзэн хаан, хатан нар Индонезод албан ёсны айлчлал хийж байна

Aдмин / Гадаад мэдээ

Японы Эзэн хаан Нарухито, хатан хаан Масако нар Индонезод 7 өдрийн албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь Эзэн хаан 2019 онд угсаа залгамжилж хаан ширээнд заларснаас хойших анхны хилийн чанад дахь сайн санааны айлчлал болж байгаа юм.

Хаан, Хатан нарын хөлөглөсөн Засгийн газрын нисэх онгоц бямба гарагийн үдээс хойш Индонезын нийслэл Жакартагийн Сукарно-Хатта олон улсын нисэх буудалд газарджээ. Тэд даваа гарагт Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо, түүний гэргий нартай уулзаж, үдийн зоог барих юм байна. Харин мягмар гарагт Калибатагийн оршуулгын газарт цэцэг өргөх ёслолд оролцох товтой байна. Индонезын тусгаар тогтнолын төлөө тулалдаж явсан үндэсний баатруудын дурсгалыг мөнхжүүлсэн энэ газарт Индонезын тусгаар тогтнолын төлөө тулалдаж байсан Япон цэргүүдийг бас оршуулжээ.

Эзэн хаан Нарухито Ява арлын төв дэх Жокьякартад хоёр өдөр морилон саатаж, Дэлхийн соёлын өвийн жагсаалтад орсон Боробудур сүмийн туурин дээр очих юм байна. Японы Эзэн хаан, Хатан хаан нар Ковид-19 цар тахлын үеэр илт хязгаарлагдсан олон нийтийн арга хэмжээнд оролцох нь ийнхүү бага багаар нэмэгдэж байна.

Өнгөрсөн онд тэд хаан ширээнд заларснаас хойших анхны гадаад айлчлалаараа Лондон хотод Хатан хаан 2-р Елизабетын оршуулгад очиж байсан юм. Японы өмнөх Эзэн хаад 1962 болон 1991 онуудад Индонез улсад айлчилж байжээ. Зүүн Өмнөд Азийн улсуудын Холбоо болон Япон улс хооронд найрамдалт харилцаа тогтоосны 50 жилийн ойн дээр, мөн тус Холбоог Индонез улс даргалж байгаа үед Эзэн Хаан Хатны хамтаар ийнхүү 7 хоног шахмын энэ айлчлал хийж байгаа юм байна. Япон улс бүс нутаг, дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд хөгжиж байгаа орнуудтай холбоо харилцаагаа гүнзгийрүүлэхийг улам бүр чармайж байгаа юм.

Эх сурвалж: Moнголын мэдээ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.