Швейцарт бүх нийтийн санал хураалтаар уур амьсгалыг хамгаалах хууль батлав
Швейцарын сонгогчид ням гарагт уур амьсгалыг хамгаалах шинэ хуулийг дэмжсэн санал хураалгажээ. 2050 он гэхэд байгальд хор хөнөөлгүй улс болох зорилтыг энэ хууль дэвшүүлж байна.
Швейцарын иргэдийн олонх нь 2050 он гэхэд агаар мандалд нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалтыг тэг түвшинд хүргэх зорилтыг дэмжсэн санал хураалгажээ. Социологийн судалгааны “Жи-Эф-Эс дот Берн” /gfs.bern / хүрээлэнгийн мэдээгээр, санал хураалтад оролцогсдын 58,3 хувь нь дэмжсэн санал өгсөн байна. Үүнээс гадна 78,5 хувь нь 2024 оноос үндэстэн дамнасан корпорацууд доод тал нь 15 хувийн татвар төлдөг болгохыг дэмжжээ. Гэхдээ бүх нийтийн санал хураалтын эцсийн дүн өнөөдөртөө багтаж гарах юм байна.
Уур амьсгалд хортой хог хаягдлын хэмжээг 2040 он гэхэд, 1990 оны үзүүлэлттэй харьцуулахад 75 хувиар бууруулах ёстой болж байна. Парламентаар хэдийн батлагдсан энэ хуулийг баруун төвч консерватив үзэлт Швейцарын Ардын Нам үнийн огцом өсөлт дагуулна хэмээн эрс шүүмжилж байгаа юм байна. Мөн бүх нийтийн санал хураалт явуулахаар хангалттай тооны гарын үсэг цуглуулсан гэж мэдэгдэж байна.
Үүний өмнө, энэ оны гуравдугаар сарын 30-нд Европын парламент болон Европын Холбооны гишүүн орнууд 2030 он гэхэд европын хамтын нийгэмлэгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглалтыг хоёр дахин шахам нэмэгдүүлж, 42,5 хувьд хүргэх заалт бүхий хэлэлцээр байгуулсан юм.
Сэтгэгдэл