Дэлхийн агаарын тээврийн зорчигчдын урсгал цар тахлын өмнөх түвшинд дөхөж өснө

Aдмин / Гадаад мэдээ

Дэлхийн агаарын тээврийн зорчигчдын урсгал 2023 онд 28.3 хувиар өсөж, зорчигчдын тоо 4.54 тэрбумд хүрснээр цар тахлын өмнөх 2019 оны түвшинд дөхөх төлөвтэй байна гэж Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооноос /IATA/ мэдээлжээ.

Тус байгууллагын тайланд дурдсанаар, энэ онд зорчигчдын тоо 2022 онд 3.39 тэрбум байсантай харьцуулахад өсөж, дөрвөн жилийн өмнөх үзүүлэлтийн /4.54 тэрбум/ 96 хувьтай тэнцэнэ гэж урьдчилан таамаглаж байна. Ийнхүү нэмэгдэх төлөвтэй байгаа нь “COVID-19” халдварын улмаас тогтоож байсан хилийн хяналтын арга хэмжээнүүдийг цуцалсантай холбоотой аж.

Мөн агаарын тээврийн эрэлт дэлхий даяар нэмэгдэх төлөвтэй байна. Тодруулбал, Ази-Номхон далайн бүс нутгийн бүх орон цар тахлын улмаас зорчигч тээврийн хөдөлгөөнд тогтоогоод байсан хязгаарлалтуудаа цуцалсантай холбоотойгоор тус бүс нутагт байрладаг агаарын тээврийн компаниудын эрэлт хамгийн их буюу 63 хувиар өсөх тооцоо гарчээ.

“Хятад улс “COVID-19”-тэй тэмцэх хязгаарлалтуудаа энэ оны эхээр буюу урьдчилан таамаглаж байснаас эрт цуцалсан нь энэхүү салбарын ашиг орлого илүү хурдан өсөхөд нөлөөлж байна” гэж Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны тэргүүн Вилли Уолш мэдэгджээ.

Түүнчлэн Африк, Ойрхи Дорнодын агаарын тээврийн компаниудын зорчигч тээврийн урсгал 30.1, 20.8 хувиар, Европ, Хойд Америкт 19.6, 16.5 хувиар тус тус өсөх төлөвтэй байна.

Агаарын тээврийн эрэлт өөдрөг байгаа нь 2023 оны орлогын төсөөллийг ахиулахад нөлөөлж байна гэж дэлхийн агаарын зорчигч тээврийн 83 хувийг бүрдүүлдэг 300 агаарын тээврийн компанийг төлөөлдөг тус байгууллага мэдээлжээ.

Тодруулбал, 2023 онд салбарын цэвэр ашиг 9.8 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оны 12 дугаар сард танилцуулж байсан төсөөллөөс /4.7 тэрбум ам.доллар/ хоёр дахин өссөн байна. Тус салбар нь 2022 онд нийт 3.6 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээжээ.

Хойд Америкийн агаарын тээврийн компаниуд дээр дурдсан өсөлтийг түүчээлж, 11.5 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох төлөвтэй байгаа нь 2022 оныхоос 26.4 хувиар өссөн үзүүлэлт болох бол Европын компаниудын цэвэр ашиг 24.4 хувиар өсөж, 5.1 тэрбум ам.долларт хүрэх тооцоотой байна.

Улмаар нийт орлого өмнөх оныхоос 9.7 хувиар өсөж, 803 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарсан нь 2019 оны түвшинтэй харьцуулахад 96 хувьд нь хүрнэ гэсэн үг юм. Гэхдээ салбарын хэтийн төлөвт тулгарах эдийн засаг, геополитикийн зарим эрсдэл байгааг мөн тайланд анхааруулсан байна.

Томоохон Төв банкууд инфляцтай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ огцом өсгөж байгаа нь эдийн засгийн хямрал үүсэх эрсдэлийг үүсгэж байгаагаас гадна Украинд өдүүлсэн Оросын дайн хурцдах нь дэлхийн агаарын тээврийн салбарт сөргөөр нөлөөлөх магадлалтай гэж Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо мэдээлжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.