БНХАУ-ын шинэ Ерөнхий сайд анхны гадаад айлчлалаа эхлүүлжээ
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Хятад, Европын эдийн засаг, улс төрийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Герман, Францад хийх айлчлалаа эхлүүлжээ. Ли Чян ням гарагт Берлинд хүрэлцэн ирсэн бөгөөд даваа гаргийн өглөө Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертай уулзжээ. Тэрбээр мягмар гарагт Канцлер Олаф Шольцтой уулзана.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдтай уулзах үеэрээ Украинд шударга энх тайван тогтоохын тулд Хятад улсыг дэлхийн улс төрийн тавцан дахь байр суурь болон Орост үзүүлэх нөлөөгөө ашиглахыг уриалсан гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Серстин Гаммелин мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, талууд мөн Хятад, АНУ-ын харилцааны талаар хэлэлцжээ. Штайнмайер "дэлхийн аюулгүй байдал, хамтын ажиллагаанд хоёр улсын харилцаа онцгой ач холбогдолтой" гэдгийг онцолж, "хоёр орны харилцаа холбооны сувгуудыг бэхжүүлэхийг" уриалсан гэж Гаммелин твиттер хуудсандаа бичжээ. Ли Чян Германд хүрэлцэн ирэх үеэрээ мэдэгдэхдээ, Бээжин Берлинтэй хамтын ажиллагааны нөөц бололцоог цаашид судалж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад хамтран ажиллахад бэлэн байна гэсэн байна.
Тэрбээр мөн ХБНГУ нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын хувиар хийж буй анхны гадаад айлчлалынх нь эхний цэг болсныг онцлоод, энэхүү айлчлал хоёр орны уламжлалт найрамдлыг бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулах болно гэж тэмдэглэжээ.
Айлчлалын үеэр мөн Хятад-Германы Засгийн газар хоорондын долоо дахь удаагийн зөвлөлдөх уулзалт болох бөгөөд энэ нь хоёр орны шинээр байгуулагдсан Засгийн газруудын хувьд анхны ийм иж бүрэн түвшинд хийж буй уулзалт юм. Европын Холбооны хамгийн том эдийн засагтай Герман улсад айлчилсныхаа дараа Ли Чян хоёр дахь том эдийн засагтай Францад айлчлалаа үргэлжлүүлнэ. Тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны санаачилсан “Дэлхийн санхүүгийн шинэ гэрээний дээд хэмжээний уулзалт”-д оролцохоор төлөвлөжээ.
Сэтгэгдэл