Энэтхэгийн Ерөнхий сайд АНУ-д албан ёсны айлчлал хийнэ
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мягмар гарагт Нью-Йоркт хүрэлцэн ирэх бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийхээр энэ долоо хоногийн сүүлээр Вашингтоныг зорино. Мягмар гарагт Н.Моди Эндрюс нисэх хүчний баазад зочилж, энэтхэг гаралтай америкчуудтай уулзах төлөвтэй байна. Лхагва гарагт тэрбээр Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд болох Олон улсын йогийн өдрийг тэмдэглэх үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа Вашингтоныг зорино.
Зургаадугаар сарын 22-ны пүрэв гарагт Цагаан ордонд Н.Модиг угтан авах албан ёсны ёслол болно. Энэхүү ёслолд 1000 гаруй хүн уригдсан байна. Үүний дараа Н.Моди, Ж.Байден нар хэлэлцээ хийх бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд мөн АНУ-ын Конгресст үг хэлнэ.
Н.Модигийн айлчлал нь “АНУ, Энэтхэгийн гүн гүнзгий, нягт хамтын ажиллагаа, хоёр орны ард түмнүүдийг холбодог халуун дулаан, найрсаг харилцааг дахин батлан болно” гэж Цагаан ордон Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалтай холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ дурджээ.
Америкийн засаг захиргаанаас мэдээлснээр, хоёр орны удирдагчид хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар, тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагааг, мөн “нийтлэг сорилтыг сөрөн зогсохын тулд хамтран ажиллах” талаар хэлэлцэнэ. Н.Моди, Ж.Байден нар хэлэлцээнийхээ үеэр батлан хамгаалахын болон технологийн салбарын хамтын ажиллагаатай холбоотой сэдвийг хөндөнө гэж Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн мэдээлж байна. "Энэ бол манай хоёр орны харилцааны чухал үе шат юм. Энэ бол чухал айлчлал, маш чухал айлчлал" гэж Энэтхэгийн Гадаад хэргийн дэд сайд Винай Куатра даваа гарагт мэдэгджээ.
Баасан гарагт Н.Моди АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нартай үдийн зоог барих аж. Н.Моди 2014 онд Энэтхэгийн Ерөнхий сайдын албыг хашиж эхэлснээсээ хойш АНУ-д хийсэн зургаа дахь айлчлал нь энэ болно. АНУ-д айлчилсныхаа дараа тэрбээр Египетийг зорино.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл