Дэлхийн хүн амын 3.6 хувь нь эх орноосоо гадна амьдарч байна

Aдмин / Гадаад мэдээ

Дэлхийн хүн амын 3.6 хувь буюу 281 сая хүн 2020 оны байдлаар эх орон, төрсөн нутгаасаа гадна амьдарч байгаа бөгөөд олон улсын шилжилт хөдөлгөөн нь дэлхий нийтийн хойшлуулшгүй асуудал болоод байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар /UNHCR/ мэдээлжээ.

Хүн төрөлхтний түүхэнд тулгамдсан асуудал байсаар ирсэн шилжилт хөдөлгөөн нь сүүлийн 20 жилд янз бүрийн таагүй үйл явдлуудын улмаас дэлхийн өнцөг булан бүрд мэдрэгдсэн томоохон асуудал болж, улмаар шийдвэрлэх үйл явц нь олон улсын байгууллагууд, засгийн газруудын чадал чансаанаас хэтрээд байна.

Дайн дажин, зөрчил мөргөлдөөн, орлогын тэгш бус байдал, муу засаглал зэрэг түгээмэл шалтгааны улмаас төрсөн улс орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүний тоо урьд хожид үзэгдээгүй түвшинд хүрээд байгаа бөгөөд дэлхийн дулаарал, байгалийн гамшигт үзэгдлүүд ч мөн нэрмээс болж байна.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээллээр, 2020 оны байдлаар ойролцоогоор 281 сая хүн буюу дэлхийн хүн амын 3.6 хувь нь янз бүрийн шалтгааны улмаас төрсөн улс орон, бүс нутгаа орхин цагаачлахаас өөр аргагүйд хүрчээ.

Тодруулбал, тэдний 86.7 сая нь Европ тив рүү, 85.6 сая нь Ази руу, 58.7 сая нь Хойд Америк руу, 25.4 сая нь Африк руу, 14.8 сая нь Латин Америк, Карибын тэнгисийн орнууд руу, 9.4 сая нь Австрали зэрэг далайн орнууд руу цагаачилсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар мөн дэлхийн хэмжээнд 108.4 сая хүн зөрчил мөргөлдөөн, хавчлага, хүний эрхийн зөрчлийн улмаас орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрээд байгаа талаар мэдээлсэн юм.

Тэдгээр хүмүүсийн 62.5 сая нь дотооддоо, 35.3 сая нь бусад улс орон руу дүрвэсэн бол 5.4 сая нь орогнол хүсэгч байна. Улмаар дэлхий даяарх дүрвэгсдийн 76 хувийг хүлээн аваад буй бага, дунд орлоготой орнууд “нуруун дээрээ хамгийн хүнд ачааг үүрч байна”.

Түүнчлэн нийт орогнол хүсэгчдийн 20 хувьд нь буурай хөгжилтэй орнууд зөвшөөрөл олгосон бол 70 хувийг нь хөрш орнууд нь хүлээн авсан байна. Харин дүрвэгсдийн тоог улс орнуудаар авч үзвэл, Турк улс хамгийн олон буюу 3.6 сая дүрвэгч хүлээн авчээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.