“Titan” шумбагч аппаратад 30 орчим цагийн хүчилтөрөгчийн нөөц үлдээд байна
Атлантын далайн ёроолд буй "Титаник" хөлгийг үзүүлэхээр жуулчдыг суулган далайн гүн рүү шумбасан “Titan” шумбагч аппаратыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. АНУ-ын Эргийн хамгаалалтын албанаас мэдээлснээр, уг аппаратад ердөө 30 орчим цагийн хүчилтөрөгчийн нөөц үлдээд байна. Сүйрсэн Титаник хөлгийг үзэхээр аялалд гарсныхаа дараа холбоо тасарсан шумбагч аппаратыг аврах багийнхан мягмар гаргийн байдлаар гурав дахь өдрөө эрэн хайж байна.
Шумбагч аппарат өнгөрсөн ням гаргийн өглөө далайн гүн рүү шумбах үедээ 96 цагийн хүчилтөрөгчийн нөөцтэй байсан тул уг аппаратад сууж яваа таван хүнд санаа зовниж эхлээд байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шумбагч аппаратад 30 цагийн хүчилтөрөгч үлдээд байгаа бөгөөд одоогоор эрэн хайх ажиллагаа ямар нэгэн үр дүнд хүрээгүй байна.
Уг аппаратад ямар хүмүүс сууж яваа вэ?
Пакистаны нэрт бизнес эрхлэгч Шахзада Давуд, хүү Сулеманы хамт гүний шумбагч аппарат дотор байгаа гэж тэдний гэр бүлийнхэн мэдээлжээ. Мөн Британийн тэрбумтан Хэмиш Хардинг байгаа талаар гэр бүлийнх нь нэгэн гишүүн нийгмийн сүлжээндээ нийтэлсэн байна. Өдгөө 58 настай нисгэгч, сансрын жуулчин, “Action Aviation” компанийн захирал Х.Хардинг ням гарагт “Instagram” хуудсандаа, “OceanGate” компанийн зохион байгуулж буй, Титаникийг үзэх аяллын бүрэлдэхүүнд багтаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн нийтлэл оруулжээ.
Х.Хардинг мөн хөлгийн багт домогт хоёр судлаач байгааг дурдаад, тэдний нэг нь 1980-аад оноос хойш Титаник руу 30 гаруй удаа шумбасан гэдгийг онцолсон байна. Хожим нь “OceanGate” компани энэхүү компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Стоктон Раш шумбагч аппаратын бүхээгт байгааг баталжээ.
Эрэн хайх, аврах ажиллагааг АНУ, Канадын цэргийнхэн явуулж байгаа бөгөөд тэдэнд энгийн далайчид ч тусалж байна. Түүнчлэн Франц улс эрэн хайх, аврах ажиллагаанд туслалцаа үзүүлэхээр гүний шумбагч хөлгөө илгээж байгаагаа мэдэгджээ. Францын Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, шумбагч аппаратын бүхээгт байгаа хүмүүсийн нэг нь тус улсын иргэн, 77 настай судлаач Поль-Анри Наржеоле аж.
Шумбагч аппаратад юу тохиолдсон бэ?
6.5 метрийн урттай “Titan” шумбагч аппарат ням гаргийн өглөө далайн гүн рүү шумбасан бөгөөд шумбаснаас нэг цаг 45 минутын дараа холбоо тасарчээ. "Титаник" хөлөг онгоцны сэг Атлантын далайн ёроолд 3810 метрийн гүнд буй. АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч Жон Маугер сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, “Ийм гүн рүү эрэн хайх ажиллагаа явуулах нь хэцүү ч бид шумбагч аппаратын байршлыг тогтоож, дотор нь байгаа хүмүүсийг аврахын тулд боломжтой бүх техник хэрэгслээ дайчилж байна” хэмээн мэдэгджээ.
Титаникийн байршил 70 гаруй жил тодорхойгүй байсан
“Жившгүй” хэмээн алдаршуулан тодорхойлж байсан "Титаник" хөлөг 1912 оны дөрөвдүгээр сарын 14-ний шөнө дунд болохын өмнөхөн мөсөн уултай мөргөлдөж, гурван цаг хүрэхгүй хугацааны дараа живжээ. Уг гамшигт явдлын улмаас 1500 гаруй хүн амиа алдсан бөгөөд хөлөг онгоц 1985 оныг хүртэл олдоогүй юм. Тэр цагаас хойш далайн ёроолд үзэгдэх орчин хязгаарлагдмал хэдий ч сүйрсэн онгоц руу олон экспедиц хийжээ.
Сэтгэгдэл