Л.Энх-Амгалан: Боловсролын ерөнхий хуулийг хоёр жил гаруй хэлэлцлээ. Үүнээс цааш хоцроож болохгүй

Aдмин / Боловсрол

УИХ Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “ Засгийн газраас өргөн барьсан Боловсролын ерөнхий хуулиар ганцхан англи хэлний асуудлыг шийдээгүй. Хувийн болон төр, нийслэл, орон нутгийн сургуулийн ялгааг арилгах гол зарчим байгаа. Боловсрол нь өөрөө баян, хоосны ялгааг өдөөдөг ийм тогтолцоо болсон. Тиймээс энэ ялгааг санхүүжилтээр нь арилгана. Боловсролын ерөнхий хууль дээр таван том шинэчлэл хийх гэж буй. Боловсролын ерөнхий хуулийн ач холбогдолыг англи хэлний асуудалтай холбож, хэн нь ард түмэндээ хайртай вэ гэдэг уралдаан болгоод дуусгаж болохгүй. Энэ хууль бол тогтолцооны шинэчлэл.

Сургууль, цэцэрлэгийн засаглалыг улстөрчдийн гараас ангижруулж, мэргэжлийн тогтолцоо руу шилжүүлж байгаа юм. Боловсролын чанарыг ийм түвшинд хүргэсэн хуурамч үнэлгээ дүнгийн тогтолцоог халж байгаа. Багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих, сайн багш хамгийн өндөр цалин авах, хамгийн сайн нийгмийн баталгаагаар хангагдах энэ тогтолцоог шинэчилж байгаа юм. Мөн сургалтын хөтөлбөрөө шинэчилж байгаа. Хөтөлбөр хоцорсон. Хамгийн багадаа 10-12 жилийн тогтвортой хөтөлбөр хэрэгжүүлдэг болох эрх зүйн баталгааг энэ хуулиар бий болгож байгаа. Хот, хөдөөгийн сургуулийн ялгааг арилгаж, хүүхэд хаана сурч, амьдарч буйгаасаа үл хамаараад Монголын хамгийн сайн багшаар хичээл заалгах боломжийг цахим шилжилтээр олгож байгаа юм.

Хүүхэд бүрд багаас нь англи хэлний чанартай боловсрол олгох гэж байгаа бол энэ хуулийг эрт батлах нь Монголын ард түмэнд ач тустай. УИХ-ын гишүүд хуулиа бүтэн уншихгүй байж, зарим гишүүд нь нэгдүгээр ангиас нь англи хэл заах боллоо, гуравдугаар ангиас нь заах гэж байсныг болиуллаа гээд иргэдийг бухимдуулаад байдаг. Ийм хувийн аминчхан улс төрийн тоглолт хийж болохгүй.

Аль улсын хууль дээр ямар хэлийг хэддүгээр ангиас нь заах талаар тусгасан байдаг вэ? Бид үндэснийхээ хөтөлбөр дээр англи хэлийг гуравдугаар ангиас нь заана, англи хэл анхдагч гадаад хэл байна гээд заагаад өгчихсөн байна. Үндэсний хөтөлбөрт сурагчдад англи хэлний хичээлийг дэлхийн түвшинд хүрсэн шилдэг платформоор заана гэдэг хөтөлбөрийг батлаад явж байгаа. Өнөөдөр бидэнд лоозон нь чухал уу, тунхаглал чухал юм уу. Хүүхдүүдэд хичээлээ олон улсын хөтөлбөрийн түвшинд үзэх боломж олгох нь чухал юм уу. Боловсролын хуулийг хоёр жил гаруй хэлэлцлээ. Үүнээс цааш хоцроож болохгүй” гэлээ.


Сэтгэгдэл

Багш [66.181.161.159] 2023-06-25 09:42:28

Боловсролын хуулийг багш нараар хэлэлцүүлж байж дараа нь их хурлаар оруулах хэрэгтэй.Улс төрчид хийж чадахгүй

Munkhuu [202.9.40.249] 2023-06-22 17:09:56

Их сургуулиас улс төрийн савраа татчихвал зүгээр байх юм эрхэм сайдаа...


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.