БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДТАЙ УУЛЗАВ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Бээжин хотноо мягмар гарагт уулзаж, Хятад, Монголын найрамдал, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг уриалав. Ши Жиньпин хоёр орон уул, усаар холбогдсон хөршүүд болохыг цохон тэмдэглээд, урт хугацааны сайн хөршийн харилцааг хөгжүүлэх нь хоёр талын стратегийн сонголт бөгөөд энэ нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд бүрэн нийцэж байна гэв. Монгол Улс итгэлтэй, найдвартай түншийн хувьд манай улс Хятад-Монголын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг гэж тэрбээр хэллээ.
“Хятад улс хоёр орны найрамдал, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятад-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргах, бүс нутагт илүү тогтвортой, тодорхой байдлыг бий болгох чиглэлд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна” гэж БНХАУ-ын дарга хэлэв.
Мөн Хятад, Монгол Улс нь үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхийн сацуу ард түмнийхээ бие даан сонгосон хөгжлийн замналыг хүндэтгэж, бие биеийн үндсэн ашиг сонирхол, гол асуудлуудыг харгалзан үзэж, дэмжих хэрэгтэйг цохон тэмдэглэжээ.
Хятад улс шинэчлэлийн замын бүх чиглэлд үндэсний сэргэлт хийж байгаа бол Монгол Улс үндэсний шинэчлэл, нийгэм эдийн засгаа хөгжүүлэх хүчин чармайлт гаргаж байна. Хоёр тал хөгжлийн стратегиудаа уялдуулах, шинэчлэлийг урагшлуулахад хамтран ажиллах боломжтой гэж тэрбээр хэлсэн байна. Ши Жиньпин мөн, Хятад улс нь Монгол Улстай найрсаг, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй байх зарчмаар хамтран ажиллаж, хоёр орны хилийн боомтуудын холболтыг бэхжүүлж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын ажлыг ахиулж, “Бүс ба Зам” санаачилгын хөгжлийг хамтдаа урагшлуулах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллана гэв.
Хятад улс нь дэлхийн байгаль орчны засаглалд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг бөгөөд цөлжилттэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна, түүнчлэн Монголын “Тэрбум мод” хөдөлгөөнийг үргэлжлүүлэн дэмжинэ гэж Ши Жиньпин хэлээд, Хятад улс нам хоорондын солилцоог нэмэгдүүлж, төрийн удирдлагын туршлага солилцох хүсэлтэй байгааг нэмж хэлжээ.
Тэрбээр Хятад, Монголын аль аль нь хөгжиж буй орнууд болохыг онцлоод, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нийтлэг ашиг сонирхол, ижил байр сууртай байдгийг тэмдэглэв. Мөн бүс нутгийн болон олон улсын үйл хэрэгт Монгол Улс идэвхтэй үүрэг гүйцэтгэж буйг Хятад улс дэмжиж буйг илэрхийлсэн байна. Түүнчлэн хоёр тал хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэг байгуулах зорилгыг баримталж, олон талт үзлийг тууштай хамгаалж, харилцан хүндэтгэсэн, шударга, харилцан ашигтай хамтын ажиллагаа бүхий олон улсын харилцааны шинэ хэлбэрийг хамтдаа ахиулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ, "COVID-19” цар тахал дэгдээд байх үед Өвлийн Олимпын наадмыг амжилттай зохион байгуулсан нь эв нэгдэл, хамтын ажиллагааны илэрхийлэл болж, олон улсын хамтын нийгэмлэгийн итгэл найдварыг бэхжүүлсэн хэмээн сайшаав.
Монгол Улсын Ерөнхий сайд Хятад улсын хөгжлийн гайхалтай ололт амжилт, манлайллыг өндрөөр үнэлж, Хятадын талаас үзүүлсэн үнэ цэнтэй тусламжийг Монголын тал мартахгүй гэж хэлсэн байна.
Монгол-Хятадын харилцааг улс орнуудын харилцааны үлгэр жишээ болгоход Монгол Улс БНХАУ-тай хамтран ажиллахад бэлэн байна гэж Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрээр Монгол Улс “Нэг Хятад” зарчмыг тууштай баримталж, Тайвань, Төвөд, Шинжааны асуудлаарх Хятадын байр суурь, мөн тус улсын дэвшүүлж буй Дэлхийн хөгжлийн санаачилга, Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг дэмжинэ гэдгийг мэдэгджээ.
Л.Оюун-Эрдэнэ Хятад улстай нягт хамтран ажиллаж, харилцан хүндэтгэж, бие биеийнхээ сонгосон хөгжлийн замыг үргэлжлүүлэн дэмжиж, “Бүс ба Зам” санаачилгыг хамтдаа ахиулж, улс төрийн нам, залуучууд хоорондын солилцоог бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, хоёр улс хил дамнасан төмөр зам, хилийн боомтын холболтыг сайжруулж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, ногоон хөгжил, авлигатай тэмцэх зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулах ёстой гэв. Уулзалтад Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга Ван И мөн байлцжээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл