БНХАУ Олон улсын харилцааны тухай хуультай болов
Хятад улс анх удаа олон улсын харилцааны тухай хуультай болжээ. Олон улсын харилцааны үзэл санаа, үндсэн зарчмуудыг тодорхойлсон зургаан бүлэг бүхий энэ хууль Өрнөдийн ноёрхлын эсрэг хууль зүйн хэрэглүүрүүдийг олшруулах чиглэлд гол алхам болж байгааг төрийн төв хэвлэлүүдэд нь онцолсон байна.
Хятадын хууль тогтоох дээд байгууллага БХАТИХ-ын байнгын хороо хуулийг баталсан байна. Гадаад улс орнуудын зүгээс шинээр олон янзын хориг хязгаарлалт тогтоох болсон өнөөгийн нөхцөлд Хятадад одоо мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн актууд хангалтгүй болсон гэдэг тодруулгыг хууль тогтоогчдын зүгээс хийжээ. Тухайлбал, олон улсын харилцааны тухай ийм суурь, цогц хууль баталсан нь дангаар хориг нэвтрүүлж, хил хязгаарыг үл хайхарсан шүүх тогтоомж хэрэгжүүлэх зэргээр Хятадын дотоод асуудал руу байнга хошуу дүрж байгаа Өрнөдийн давамгайллыг сөрөх, олон улсын харилцааны шинэ тутам асуудлууд, энэ талын хуулийн цоорхойнуудыг арилгахад чиглэсэн гэж Хятадын төрийн төв хэвлэлүүдэд мэдээлсэн байна.
Энэ ч үүднээсээ уг шинэ хууль Хятадын эрх баригчдын одоогоос хоёр жилийн өмнө баталж байсан “Гадаадын хориг арга хэмжээг сөрөх үйл ажиллагааны тухай” нэртэй хуулинд дэмжлэг болох учиртай юм байна.
Энэ бямба гараг буюу долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх уг хууль Хятад улсын эртнээс баримталж ирсэн дипломат байр суурь, олон улсын хууль ёсыг дээдлэх уламжлалт зарчмыг удирдлага болгосны хамтаар олон улсын харилцаа, бодлогын зохицуулалтыг үндэсний хэмжээний хуулийн түвшинд ахиулсан онцлогтой. Цаашид гадаад харилцаатай холбоотой олон тооны хуулийн үндэс суурь болох ийм хууль батлагдсанаар Хятад улсын өөрийнхөө болоод иргэдийнхээ эрх ашгийг хуулийн замаар хамгаалах чадвар байнга өсөн нэмэгдэнэ гэдгийг салбарын мэргэжилтнүүд нь тэмдэглэж байгаа юм байна.
Харин Японы хэвлэлд энэ хуулийг эрх баригч ХКН-ын хяналт зохицуулалтыг лавшруулж, улмаар Хятадын дарга Ши Жиньпиний үзэл санааг дипломат харилцааны гол чиг шугам болгохоор тусгасан байна гэж мэдээлсэн байна.
Тэрчлэн хилийн чанад дахь Хятадын иргэд болоод байгууллагуудын аюулгүй байдал, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, Хятадын гадаад эрх ашгийг аливаа аюул халдлагаас сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг авна гэж энэ хуульд заажээ.
Мөн Хятадын нутаг дэвсгэр дээр байгаа гадаадын иргэд, байгууллагууд тус улсын хууль ёсыг сахиж, үндэсний аюулгүй байдалд нь хор хохирол учруулахгүй байх ёстой гэж заажээ.
Сая батлагдсан энэ хуультай нэгэн зэрэг, тагнуулын үйл ажиллагааны тодорхойлолтыг өргөжүүлж нэмж шинэчилсэн Тагнуултай тэмцэх тухай хууль мөн долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна.
Сэтгэгдэл