Европын холбооны хаврын дээд хэмжээний уулзалтад гадаад бодлогын сэдэв зонхилно
Европын холбооны гишүүн 27 улсын удирдагчид Брюссельд болох дээд хэмжээний уулзалтаараа Украины байдал, Орос дахь сүүлийн үеийн нөхцөл байдал зэрэг гадаад бодлогын өргөн хүрээтэй асуудлууд хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Ялангуяа Бээжингийн талаар баримтлах Холбооныхоо нэгдмэл байр суурийг бататгах нэг боломж нь энэхүү дээд хэмжээний уулзалт гэдгийг Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель тэмдэглэсэн байна.
Европын холбооны гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нарын энэ удаагийн уулзалтаар Украинд мөнгө санхүү, цэргийн тууштай тусламж үзүүлэх замаар дэмжлэгээ шаардлагатай хэмжээнд улам батлах болно гэж Шарль Мишель мөн холбооныхоо гишүүн улсуудын удирдагчдад хүргүүлсэн урилга-захидалдаа бичжээ.
Украины асуудлаас гадна ОХУ-д сая болж өнгөрсөн үйл явдлыг тойрсон сэдвийг хөндөж ярина. Энэ хүрээнд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский видео холбоосоор Европын холбооны удирдагчдад хандах бол, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг зүүн жигүүрийнхээ хамгаалалтыг бэхжүүлэх, Украины батлан хамгаалах чадавхийг дэмжих зэрэг асуудлаар санал солилцох товтой байна.
Харин Оросын царцаагдсан хөрөнгүүдийг Украинд туслах болон сэргээн босголтод ашиглах асуудлыг Европын холбоо үргэлжлүүлж хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээлсэн байна. Гэхдээ сайтар бодож боловсруулж шийдвэр гаргахгүй бол шүүх дээр гомдол зарга үүсч, улмаар энэ ажлын үндсэн зорилго хангагдахгүй байх үр дагавартай учир маш төвөгтэй, амаргүй асуудал гэдгийг Европын түшмэл мөн тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ хууль бус цагаачдын асуудлаас авахуулаад татаас хөрөнгө гээд дотоод хүрээний маш олон асуудлаараа тэр бүрий нэгдмэл зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа Европын холбооны орнууд гадаад бодлогын тал дээр ч гэсэн асуудал хүнд гэдгийг шинжээчид дурдаж байна. Тухайлбал, Хятадын талаар баримтлах бодлого дээр нэг хэсэг нь эдийн засгийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд авч үзэх ёстой гэдэг бол, нөгөө хэсэг нь харин Оросын Украинд хийж байгаа дайны талаарх Бээжингийн байр суурийг гол асуудал гэсэн үзэл хандлага илэрхийлдэг гэдгийг Хятад судлалын "MERICS" хүрээлэнгийн шинжээч Гжегож Штек ярьжээ.
Цар тахалтай тэмцэх арга хэлбэрээс гадна технологи, эдийн засгийн тал дээр Хятад улам хүчирхэгжиж байгааг Европын холбооны зарим улс аюул гэж хардаг. Тайванийн хоолой дахь Бээжингийн түрэмгий хандлага, Оросын Украинд хийж байгаа дайныг буруутгахаас түдгэлздэг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан сүүлийн жилүүдэд Европын холбоо Хятадын талаарх байр сууриа нэлээд чангатгаж байгаа юм.
Гэхдээ Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен өнгөрөгч гуравдугаар сард Бээжинд айлчлах үедээ Европын холбоо Хятадтай харилцаагаа таслах бус, харин “эрсдэлийг сааруулах”-д голлон анхаарах ёстой гэж мэдэгдэж байсныг ажиглагчид мөн сануулж байна.
Сэтгэгдэл