Хууль бусаар хил давуулсан 105 ширхэг эртний эдлэлийг Энэтхэгт буцаан өгчээ
Энэтхэгээс хууль бусаар экспортолсон 105 эртний эдлэлийг АНУ-ын эрх баригчид тус улсад хүлээлгэн өгсөн тухай Энэтхэг улсаас АНУ-д суугаа Элчин сайд Таранжит Сингх Сандху мягмар гарагт мэдээлжээ.
"Энэтхэгийн 105 эртний эдлэл эх орондоо ирж байна! Ерөнхий сайд Нарендра Модигийн зургаадугаар сард АНУ-д хийсэн айлчлалын дараа Энэтхэг улсад эдгээр эртний эдлэлийг хүлээлгэн өгөх ёслолд оролцсондоо баяртай байна" гэж Энэтхэгийн элчин сайд “Twitter” хуудсандаа бичжээ.
Ёслолын ажиллагаа Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн прокурорын газарт болсон гэж "Press Trust of India" агентлаг мэдээлсэн байна. Эдгээр эртний эдлэл нь МЭ-ий II-XIX зууны үед хамаарах, Энэтхэгийн янз бүрийн бүс нутгаас гаралтай бөгөөд тэдгээрийн нэлээд хэсэг нь мөргөлийн эд өлгийн хэрэгслүүд байлаа.
АНУ, Энэтхэг улс хоёр соёлын өвийн гэрээ байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд гэрээг байгуулснаар эртний эдлэлийн хууль бус наймаатай тэмцэх ажиллагаа илүү үр дүнд хүрнэ гэж Т.Сандху хэлжээ.
Сүүлийн жилүүдэд Энэтхэг улс хууль бусаар экспортолсон урлагийн бүтээл, эртний эдлэлийг буцаан авах талаар идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд АНУ-тай энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. 2016 оноос хойш Энэтхэгт 300 орчим тооны эртний эдлэлийг буцаахад Америкийн тал тусалжээ. Манхэттэн дүүргийн прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч Жордан Стокдэйлийн хэлснээр, АНУ-ын эрх баригчид дахиад 1500 орчим ийм төрлийн эд зүйлсийг олсон бөгөөд Энэтхэг улсад шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл