Мьянмарын цэргийнхэн онц байдлыг сунгажээ
Мьянмарын цэргийн хунт орон даяар зарласан онц байдлын хугацааг 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хүртэл дахин зургаан сараар сунгажээ. Ингэснээр 2023 онд бүх нийтийн сонгууль болно гэх найдлага тасарч байна. Мьянмарын Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөл онц байдлын хугацааг сунгах шийдвэрийг баталсныг цэргийн хунтын хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Зо Мин Тун даваа гарагт мэдэгджээ.
Цэргийн хунтын удирдагч Мин Аун Хлаин 2021 онд төрийн эргэлт хийж, Аун Сан Су Чигийн тэргүүлсэн иргэний засгийн газрыг түлхэн унагаасныхаа дараа эрх мэдлийг шилжүүлэн өгөх амлалтын хүрээнд 2023 оны наймдугаар сард сонгууль явуулна гэж мэдэгдээд байсан юм.
Мьянмарын эдийн засагт инфляц, долларын хомсдол зэрэг асуудлууд тулгараад байгаатай зэрэгцэн орон даяар зөрчил мөргөлдөөн үргэлжилсээр байгаа үед онц байдлыг сунгах шийдвэрийг гаргажээ. Цэргийн хунт Аун Сан Су Чиг шоронгоос гэрийн хорионд шилжүүлэхээр төлөвлөж байгаа талаар олон улсын хэвлэлүүд саяхан мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл