АНУ-ын Аляска мужид мөсөн хавцал хайлж үерлэж байна

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Аляска мужийн нийслэл хотын дундуур урсдаг Менденхол гол үерлэж, эргээ халин, хоёр барилгыг нураан урсгасан хэрэг гарчээ. Гол үерлэсэн шалтгаан нь голын эх авдаг нуурыг хүрээлэн тогтсон байдаг мөсөн хавцал их хэмжээгээр хайлсантай холбоотой юм. Өнгөрсөн Ням гарагт Жүно хотод үерийн онцгой байдал зарлан, хүмүүсийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Мөнх цаст мөсөн хавцал, мөсөн голууд хайлж байгааг цаг уур шинжээчид уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. Мөсөн хавцал хайлснаар Менденхол нуурын түвшин 4.5 метрээр нэмэгдсэн нь, хамгийн өндөр үзүүлэлтийг харуулсан байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн 2016 онд нуурын усны түвшин 3,6 метрээр нэмэгдэж, дээд үзүүлэлтийг тогтоож байжээ.

2011 оноос хойш энэ нуурыг хашдаг мөсөн хавцал хайлж, усны түвшин нэмэгдэж эхэлсэн ч энэ удаагийнх шиг их хэмжээгээр үерлэж, байшин барилга урсгах хэмжээнд хүрч хайлсан нь анхны тохиолдол болсон тухай цаг уурын албанаас мэдэгджээ.

Иймд, хотын удирдлагууд иргэддээ голын ойролцоо зорчихгүй байхыг анхааруулж байна. Мөн шатахуун түгээх станц, түлш нөөцлөгч зэрэг аюултай бодис хадгалдаг газрууд усанд автсан гэж анхааруулж байна. Үерийн усанд байшин барилга өртсөнөөс гадна, моднууд үндсээрээ булгаран усанд урсаж, гол замуудыг хаасан байдалтай байгаа юм. Одоо, үерт автсан зам талбайг чөлөөлөх, нөхөн сэргээх ажлыг онцгой байдлын алба болон бусад албаныхантай хамтран гүйцэтгэж байна.

Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлын нөлөөгөөр энэ мэт байгалийн гамшигт үзэгдэл хойшид гарах магадлал өндөр байна гэж цаг уурын шинжээчид анхааруулж байна. 2100 он гэхэд дэлхийн нийт мөсөн хавцал, мөнх цасны гуравны нэг нь хайлж дуусна гэсэн тооцооллыг дэлхийн цаг уурын байгууллагаас гаргажээ.

Мөн Арктикийн хамгийн хатуу, мөнх наст мөсний 95 хувь аль хэдийн хайлж дууссан гэдгийг хэлж байна. Далайн усны температур хойшид энэ хэвээрээ нэмэгдсээр байвал 2040 он гэхэд Арктик ямар ч мөсгүй болно гэсэн тооцооллыг ч эрдэмтэд гаргасан байна.


Сэтгэгдэл

зочин [202.9.47.14] 2023-08-10 09:41:51

цас мөс хаилах муу биш харин сайн амьдрах орчин тэлэгдэх мөн далайн амьтад ч таатай байх болно харин хүн дэлхийн даацад тааруулж амьдрана гэдэг зөв шүү

Галав [202.126.89.242] 2023-08-09 12:45:40

Галав юүлэх цаг нэг их удахгүй ирэх байх. Мөнх цас, мөнх цэвдэг, мөсөн гол, мөсөн далай хайлж тэр ус нь бороо болж байгаа нь гарцаагүй. Хөгжлийг идэж ууж, өмсөж зүүж, эдэлж хэрэглэж, хог новш гаргаж байгаагаар биш, харин байгаль эхийн даацанд тааруулж амьдрахыг хэлдэг болох цаг удахгүй ирнэ байхаа

Зочин [202.9.46.0] 2023-08-09 10:15:26

Дэлхийн сүйрэл ойртож байна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.