Аргентин улсад ажилгүйдлийн түвшин хэт өндөр байна
Аргентин улсад инфляцын түвшин гурван оронтой тоогоор хэмжигдэж, ажилгүйдэл газар авчээ. Энэ Ням гарагт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг сонгох анхан шатны сонгууль болох хэдий ч тус улсын ард иргэд сонгуульд анхаарал хандуулахаас илүүтэйгээр ажил хөдөлмөр эрхлэх тал дээр илүү санаа зовниж байна. Даваа гарагт Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын сүмийн гадаа иргэд цуглаж, ажилтай болгож өгөхийг залбирч байгаа дүр зураг олон нийтийн сүлжээгээр тархжээ.
Аргентин улс инфляцын түвшнээрээ дэлхийд тэргүүлж байна. 2023 оны 7-р сарын байдлаар инфляцын түвшин 116%-д хүрч хөөрөгдсөн, банкны зээлийн хүү тэнгэрт хадсан, аргентин песогийн ханш доод хэмжээндээ хүртэл унасан энэ цаг үед ажилгүйдэл хаа сайгүй, хүмүүс цөхөрсөн байдалтай байна. Өргөн хэрэглээний барааны үнэ дийлдэхээргүй өсжээ. Үхрийн махны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгч тус улсын хувьд, энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ л гэхэд өнгөрсөн жилтэй харьцуулахад 72 хувиар өссөн байна. Эдийн засгийн энэ хүнд нөхцөл байдалд цар тахал болон өөр олон хүчин зүйл нөлөөллөө гэж ард иргэд хэлж байна.
Ирэх 10-р сард Аргентины ерөнхийлөгчийн сонгууль болно. Тус сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг сонгох анхан шатны сонгууль Ням гарагт болох хэдий ч, ард иргэд үүнд яарахгүй байна. Хэн ч төрийн тэргүүн болсон нийгэм, эдийн засгийн энэ хүнд байдлыг өөрчилж чадахгүй гэж ард иргэд үзэж байгаа юм.
Туйлдсан иргэд Буэнос-Айресийн католик сүмийн гадаа цуглаж, ажил олгохыг гуйж, залбирч байгаа нь хэвлэлийнхний дуранд өртжээ. Хэдийгээр цайллагын өдөр ч гэлээ олон хүн идэх ч хоолгүй байна гэдгийг тэд хэлж байгаа юм. Хөдөлмөрийн зах зээл хямралд орсон, ажлын байрны олдоц буурсан ийм үед, хэн хүний хийгээд байдаггүй онцгой ажил олж хийх нь л одоогоор хамгийн боломжтой хувилбар бололтой гэж Аргентин улсын иргэд санаа зовниж байна.
Сэтгэгдэл