ЭСЯ: “Канүн” хүчтэй хар салхинаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
БНСУ-ын Гамшгаас хамгаалах аюулгүй байдлын газраас Солонгосын хойгийг чиглэн ирж буй “Канүн” хүчтэй хар салхинаас иргэдээ урьдчилан сэргийлэхийг анхааруулж, гамшгаас сэргийлэх байдлыг орон даяар хоёрдугаар зэрэгт шилжүүлэх арга хэмжээ авч байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргажээ.
Тодруулбал, өнөөдөр БНСУ-ын Канвон мужийн Ёндун, Кёнбүгийн хойд хэсэг буюу Дунхэ орчмоор их хэмжээний аадар бороо орох бол наймдугаар сарын 9-11-ний хооронд орон даяар их хэмжээний бороо орохыг анхааруулсан байна. Иймд манай улсын иргэд цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, далайн эрэг, аялал зуучлалын газруудаар аяллаа хойшлуулж, болвол хар салхины дэгдэлтийн үед онцын шаардлагагүй бол гадуур зорчихгүй байхыг зөвлөж байна.
Иргэд болзошгүй үер усны аюулд өртөх, гамшгийн үед холбоо барих бол яаралтай тусламжийн 119, гэмт хэргийн дуудлагын 112, санал гомдлын 110, гамшгаас хамгаалах ерөнхий газрын 044) 205-1542~3 дугаар болон ЭСЯ-ны Консулын хэлтсийн 010-9595-3464 шуурхай дугаар, Пусан хот дахь Консулын газрын 010-5339-6090 шуурхай дугаарт тус тус холбогдох боломжтой гэжээ.
Сэтгэгдэл