Х.Байденыг эрүүгийн хэрэгт шалгана гэж тусгай прокурор мэдэгдлээ
Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден эрүүгийн хэрэгт шалгагдаж магадгүй гэж баасан гарагт АНУ-ын тусгай прокурор Дэвид Вайс тухайн албан тушаалд томилогдсоныхоо дараа мэдэгджээ.
Энэ бол АНУ-ын түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй үйл явдал бөгөөд 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн явцад шүүх ажиллагаа хүчтэй нөлөөлж болзошгүйг харуулж байна. Тодорхой хэлбэл, одоогийн ерөнхийлөгч дахин сонгогдохын төлөө сонгуулийн кампанит ажлаа эхлүүлсэн үед хүү нь эрүүгийн хэрэгт татагдах гэж байна. Нөгөөтэйгүүр, Бүгд Найрамдах намаас нэр дэвших гэж буй Дональд Трамп эрүүгийн гурван хэрэгт холбогдоод байгаа билээ.
Үүний сацуу Төлөөлөгчдийн танхим дахь бүгд найрамдахчууд "Ерөнхийлөгч Ж.Байден хүүгийнхээ бизнесийн үйл ажиллагаанаас ашиг хүртдэг" гэх нотлогдоогүй мэдээг эш татан Ерөнхийлөгчийн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн сүрдүүлж байна.
2019 оноос хойш Хантер Байденыг шалгаж буй прокурор Д.Вайс зургаадугаар сард түүнийг татвар, гар бууны хэргээр буруутган шүүхэд хандсан боловч холбооны шүүгч талуудын санал болгосон тохиролцоог хүлээн авахаас татгалзжээ. Д.Вайс баасан гарагт шүүхэд өгсөн мэдүүлэгтээ хоёр талын яриа хэлцэл тасарлаа, одоо эл хэрэг шүүх хурал хийхгүйгээр шийдэгдэхгүй гэж Засгийн газар үзэж байна" гэжээ.
АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд Д.Вейсийг тусгай прокурорын албан тушаалд нэр дэвшүүлж, мөрдөн байцаалт явуулах эрх мэдлийг нь өргөжүүлж, хараат бус байдлаар хангасны дараа дээрх мэдүүлгийг өгсөн юм.
Хантер Байден 2017, 2018 онуудад 1.5 сая доллараас дээш орлогод ногдох татвар төлөөгүй гэх хэрэгт өөрийгөө буруугүй гэдгийг мэдэгджээ. Тэрбээр хориотой бодис хэрэглэсэн үедээ галт зэвсэг эзэмшиж байсан гэх тусдаа хэрэг нь шүүхээр хэлэлцэх шатанд ороогүй байгаа юм.
Сэтгэгдэл
zochin [98.214.171.138] 2023-08-13 17:34:09
xar tamxichin