НҮБ-ын ажилтнууд барьцаанаас суллагджээ
Йеменд 18 сарын өмнө Аль Кайда бүлэглэлийнхэнд барьцаалагдаад байсан НҮБ-ын хамгаалалтын таван ажилтан суллагдсан тухай тус байгууллагын төлөөлөгч баасан гарагт мэдэгдлээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш энэ үйл явдлыг сайшаасны зэрэгцээ "хүнийг хулгайлж барьцаалах нь хүмүүнлэг бус, бусармаг гэмт хэрэг гэдгийг онцлоод, гэмт этгээдүүдэд хариуцлага тооцохыг уриалсныг" НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
НҮБ-ын хамгаалалтын албанд ажиллаж байсан Йемений дөрөв, Бангладешийн нэг иргэн "18 сарын турш хорионд байсан хэдий ч эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд сайн байгаа" гэж Йемен дэх НҮБ-ын суурин төлөөлөгч Дэвид Грессли сэтгүүлчдэд мэдэгджээ.
НҮБ-ын ажилтнуудыг 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Йемений өмнөд хэсгийн Абьян мужид барьцаалжээ. Йеменд төвтэй Арабын хойг дахь Аль-Каида бүлэглэл (AQAP) нь нэг талаас Саудын Араб тэргүүтэй эвсэл, нөгөө талаас Ираны дэмжлэгийг хүлээсэн хутучуудын хоорондын мөргөлдөөнийг ашиглан, нөлөөний хүрээгээ тэлэхийг эрмэлзэж байгаа юм.
2014 оны сүүлчээр Йемен улсын нийслэл Сана хотод хуту бүлэглэлийнхэн засгийн газрыг огцруулснаас хойш мөргөлдөөн үргэлжилсээр байна. Харин засгийн газрын эрх мэдлийг сэргээх зорилгоор Саудын Араб тэргүүтэй эвслийн орнууд 2015 оноос хойш Йеменд цэргийн ажиллагаа явуулж байгаа юм.
Саудын Араб, Иран хоёр 2016 оноос хойш тасраад байсан дипломат харилцаагаа сэргээхээр энэ оны гуравдугаар сард тохиролцсоноос хойш энхийн санаачилгууд хэрэгжиж эхэлжээ.
Сэтгэгдэл