Хавайн Мауи арлын түймэрт амиа алдсан хүний тоо 93-т хүрлээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Хавай муж улсын Мауи арал дээр гарсан түймэрт өртөж амь насаа алдсан хүний тоо одоогийн байдлаар 93-т хүрээд байна. Эрэл хайгуул, аврах ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа, энэ тоо цаашид нэмэгдэх өндөр магадлалтай гэдгийг мужийн захирагч Жош Грийн мэдээлж байна Мауи арал дээрх энэхүү түймэр АНУ-ын энэ зууны түүхэн дэх хамгийн их аюул гамшиг тарьсан түймэр гэж шинжээчид дүгнэж байна. Амиа алдсан хүмүүсээс гадна хэдэн зуун хүнтэй холбоо тогтоох боломжгүй нөхцөлд байгаа бол мөн хэдэн зуун хүн түймрээс зугтаж орогнох газарт ирсэн байгаа юм.

Хавайн удирдлагууд, онцгой байдлынхны зүгээс түймрээс болж төөрөлдсөн хүмүүсийг уулзуулах, түр орогнох байраар хангах, эрүүл мэндийн тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Хүмүүсийн амь насыг аварсны дараагаар сэргээн босгох ажилд орно гэдгийг мужийн захирагч хэллээ.

Арал дээр гарсан түймрийн ихэнх хэсгийг унтраасан байна. Гэхдээ баруун эргийн Лахаина болон цөөн хэдэн газарт одоо ч түймэр ассаар байгааг яаравчлан унтраахаар ажиллаж байна гэж мэдээллээ. Үнс нурам болтлоо шатсан Лахаина хотхоны хавиар үнэрч нохой дагуулан өөр хохирогч байгаа эсэхийг эрэн хайж байна. Одоогоор түймэрт өртсөн нийт газар нутгийн 3 хувийг л шалгасан гэдгийг Мауи арлын цагдаагийн дарга мэдээллээ.

Хохирогчдыг олсон даруй ДНХ-ийн шинжилгээ хийх шаардлагатай байгааг мөн хэлж байна. Одоогоор амьд үлдэгсдийг Мауигийн дайны дурсгалын цогцолборт хүлээн авч байгаа юм. Хэдэн зуун хүнийг хоол хүнс, ариун цэвэр, эмнэлгийн тусламжийн хэрэгслээр хангаж байна. Онцгой байдлынхны тооцоолсноор арал дээр түймэрт өртсөн хоёр мянга гаруй байшин барилга байгаагийн дийлэнх нь оршин суугчдын орон байр байсан байна. Байшин барилгуудаас гадна эргийн боомтод зогсож байсан усан онгоцууд ч шатсан байна. Түүхэн дурсгалт газрууд, сүм хийд, аялал жуулчлалын төвүүд гээд бүгд шатсан гэдгийг нутгийнхан хэлж байна. Номхон далайн гамшгийн төвийн тооцоолж байгаагаар Мауи арлыг сэргээн босгоход 5,5 тэрбум ам доллар шаардлагатай юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.