Европын Холбооноос Украинд 20 тэрбум еврогийн тусламж үзүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

2022 оны 2 дугаар сараас хойш Европын Холбооноос Украинд үзүүлсэн тусламжийн нийт хэмжээ 20 тэрбум еврод хүрсэн тухай тус холбооны гадаад бодлогын албаны төлөөлөгч Петер Стано мэдэгдлээ. “20 тэрбум евро нь холбооны гишүүн орнуудаас хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд нийлүүлсэн зэвсэг техник, түүнчлэн Европын Энх тайвны сангийн 5,6 тэрбум еврогийн санхүүжилтээс бүрдэж байгаа” гэдгийг П.Стано дурджээ.

Дэлхийн эдийн засгийн судалгааны Килийн хүрээлэнгийн тооцоолсноор, Украинд зэвсэг нийлүүлэх тал дээр Герман улс тэргүүлж байгаа бөгөөд 7,5 тэрбум еврогийн тусламж үзүүлсэн бол Польш, Нидерланд, Дани, Швед улсууд тус бүр 1 тэрбум еврогоос дээш хэмжээний зэвсэг нийлүүлсэн байна.

7 дугаар сарын 20-нд ЕХ-ны Аюулгүй байдал, гадаад бодлогын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Жозеп Боррель мэдэгдэхдээ “Европын Энх тайвны сангийн хүрээнд 2027 он хүртэлх хугацаанд жил бүр 5 тэрбум еврогийн цэргийн тусламжийг Украинд үзүүлэх тусгай механизм бий болгохоор төлөвлөж байгаа тухай дурдсан юм.

Энэхүү механизм нь Европын Комиссоос санал болгосон “4 жилийн хугацаанд Украинд 50 тэрбум еврогийн төсвийн дэмжлэг үзүүлэх багцад” нэмэлт болох юм. Үүний тулд холбооны төсөвт нэмэлт татвар төлөхийг ЕХ-ны гишүүн орнуудад хандан уриалжээ. Ойрын үед Украинд үзүүлэх тусламжийн хөтөлбөрүүдээ Европын Комисс дөрвөн жилээр төсөвлөж байна. Тухайлбал, 2024-2027 он гэж төсөвлөсөн учир нь ЕХ-ны төсвийн төлөвлөлтийн үе шат 2027 онд дуусаж байгаатай холбоотой ажээ. Тус холбоо төсвөө 7 жилээр хугацаагаар төлөвлөдөг бөгөөд одоогийн үе шат нь 2021 онд эхэлсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.