Бунханд үйлдсэн халдлагад холбогдуулан гадаадын иргэдийг баривчилжээ

Aдмин / Гадаад мэдээ

Ираны шиит шашны бунханд халдлага үйлдэж, хоёр хүний аминд хүрсэн зэвсэглэсэн этгээдийг баривчилсан аюулаас хамгаалах хүчнийхэн гадаадын найман иргэнийг мөн сэжигтнээр саатуулсан тухай тус улсын эрх баригчид даваа гарагт мэдээлэв.

Ираны өмнөд нутгийн Фарс мужийн Шираз хотын Шах Чирахын бунханд жил орчмын өмнө болсон халдлагын улмаас олон хүн амиа алдаж байсан юм. Хожим нь уг халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээж байжээ.

Ираны төрийн мэдлийн хэвлэл ням гарагт мэдээлэхдээ, халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, найман хүн шархадсан гэж байв. Харин даваа гарагт IRNA агентлаг Фарс мужийн ерөнхий шүүгч Казем Мусавигийн хэлснийг эш татан шархадсан хүмүүсийн нэг нь шархаа даалгүй нас барсан тухай мэдээлжээ.

Үүний өмнөхөн К.Мусави шүүхийн “Mizan Online” мэдээллийн цахим хуудсанд “террорист халдлагад холбоотой байж болзошгүй найман хүнийг баривчилсан” гэж мэдээлсэн байна. Тэрбээр баривчлагдсан хүмүүс бүгд гадаадын иргэд байсан гэснээс өөр мэдээлэл өгөөгүй юм.

“Гол сэжигтнийг халдлага болсны дараахан ням гаргийн шөнө дунд баривчилсан ба уг этгээд нь Тажикистаны иргэн Рахматолла Ноурузоф байсан" гэж “Mizan” цахим хуудсанд бичжээ.

Одоогоор халдлагын хариуцлагыг аль нэг бүлэглэл хүлээгүй байгаа боловч Фарс мужийн захирагч Мухаммед Хади Имание “Лалын улс”-ын хэт давруу үзэлтнүүдийг халдлагад буруутгасан байна. Тэрбээр төрийн мэдлийн телевизэд ярилцлага өгөхдөө "халдлага үйлдсэн этгээд өнгөрсөн онд бунханд гал нээсэн хоёр террористыг цаазаар авсны өшөөг авахыг санаархсан" гэжээ.

Даваа гарагт Дотоод хэргийн сайд Ахмад Вахиди хэргийн газарт очихдоо “террорист этгээд гадаадад үйл ажиллагаа явуулдаг сүлжээтэй хамтран ажиллаж байсан" гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгчээ. Европын Холбоо болон Ирак, Орос, Франц зэрэг хэд хэдэн улс ням гарагт болсон халдлагыг зэмлэн буруушааж, эмгэнэл илэрхийлжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.