Ж.Байден Умард Солонгосын удирдагчтай уулзахад бэлэн байна
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай ямар нэгэн урьдчилсан болзол нөхцөл тавилгүйгээр уулзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби пүрэв гарагт мэдэгджээ. Тэрбээр “Kyodo News” агентлагт өгсөн ярилцлагадаа "Тэд энэ саналд нааштай хариу өгөөгүй. Гэхдээ энэ санал хүчинтэй хэвээр байгаа. Бид ямар ч урьдчилсан болзол нөхцөлгүйгээр хэлэлцээ хийхэд бэлэн байна" гэлээ.
АНУ, Япон, Өмнөд Солонгосын удирдагчид Кэмп Дэвидэд гурван талт дээд хэмжээний уулзалт хийхээс нэг өдрийн өмнө Ж.Кирби энэ тухай мэдэгдэв. Уулзалтын үеэр Умард Солонгосын цөмийн болон пуужингийн асуудлыг хэлэлцэнэ.
Ким Жөн Унтай гурван удаа биечлэн уулзсан өмнөх ерөнхийлөгч Дональд Трампаас ялгаатай нь гэвэл, Ж.Байдены засаг захиргаа янз бүрийн сувгаар, өндөр дээд түвшний бус албан тушаалтнуудыг оролцуулан цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар ахиц гаргахыг эрмэлзэж байв. Дээд түвшний уулзалт хийх саналыг хэзээ гаргасныг Ж.Кирби дурдаагүй боловч Ж.Байдены засаг захиргаа Умард Солонгостой харилцаагаа сайжруулахаар оролдож байгаа нь харагдлаа.
Сэтгэгдэл