Ерөнхийлөгч Ж.Байден Хавайд иржээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нар Мауи арлыг хамарсан ойн түймрийн дараах байдалтай биечлэн танилцаж, холбогдох албаныхан болон байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдтэй уулзахаар даваа гарагт Хавай муж улсад хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгчийг “Kahului” нисэх онгоцны буудалд Хавай муж улсын захирагч Жош Грин болон Хавайгаас сонгогдсон Конгрессын гишүүд угтан авчээ. Дараа нь тэд байгалийн гамшгийн улмаас учирсан хохиролтой биечлэн танилцахаар “Marine One” онгоцонд суусан байна.
Энэ сарын эхээр дэгдсэн түймэр далайн эргийн Лахайна хотод ихээхэн хохирол учруулсан юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, амиа алдагсдын тоо 114 болж нэмэгджээ. Захирагч Ж.Гриний хэлснээр, сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа тул амиа алдсан хүмүүсийн тоо цаашдаа нэмэгдэж магадгүй байна.
“Эрлийн багууд эрэн хайх ажиллагаа явуулах бүсийн 85 хувийг самнасан ба үлдсэн хэсэгт ажиллагаа явуулахад хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай болж магадгүй” гэж Ж.Грин өнгөрсөн ням гарагт “CBS” телевизийн “Face the Nation” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьжээ. Түүний хэлснээр, 1000 гаруй хүн сураггүй хэвээр байна.
Ням гаргийн орой дүрс бичлэг нийтлэх үеэрээ Ж.Грин “Маргааш ерөнхийлөгч ирнэ, байгалийн гамшигт өртсөн бүсийг аль болох богино хугацаанд сэргээн босгохын тулд тулд миний хувьд чадах бүхнээ хийнэ” гэжээ. Тэрбээр мөн Лахайнагийн сэргээн босголт, уугуул хавайчуудын соёлын өвийг хамгаалах зэрэг асуудалд ихээхэн анхаарал тавьж байгаагаа илэрхийлээд, манай засаг захиргаа “хэзээ, хэрхэн сэргээн босгохыг шийдэхдээ лахайначуудын дуу хоолойг сонсох болно” гэж хэлжээ.
Сэтгэгдэл