Д.Трамп 200 мянган долларын барьцаа төлнө
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампад холбогдох сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг хянан шалгаж буй Жоржиа муж улсын шүүгч Трампаар 200 мянган ам.долларын барьцаа төлүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр Д.Трамп болон түүнтэй хамт шүүхэд дуудагдаж буй 18 хүн баасан гаргийн үд гэхэд Атланта хотын шүүхэд өөрийн биеэр очих шаардлагатай болж байна.
Барьцааны бичигт дурдсанаар, Д.Трамп гэрчүүдийг заналхийлэх, айлган сүрдүүлэх оролдлого хийгээгүй тохиолдолд шүүх хурал хүртэл чөлөөтэй байх боломжтой. Д.Трампын хувьд, хууль бус үйл ажиллагаа явуулсан, худал мэдүүлэг өгсөн зэрэг өөрийг нь буруутгаж буй 13 хэргийг үгүйсгэж байгаа юм.
“Шүүгдэгч нь эл хэрэгт холбоотой бусад шүүгдэгч, гэрч болох хэн нэгнийг айлган сүрдүүлэх, шударга ёсыг хэрэгжүүлэхэд саад учруулах ямар ч үйлдэл хийх ёсгүй” гэж даваа гарагт нийтэлсэн шүүхийн мэдэгдэлд дурджээ. Д.Трампт мөн ямар нэгэн гэмт үйлдэл хийх ёсгүй бөгөөд заавал өмгөөлөгчдийг оролцуулан шүүгдэгчидтэй харилцах боломжтой юм.
Уг шийдвэрт яллах ажиллагааг удирдаж буй Фултон дүүргийн прокурор Фани Уиллис болон Д.Трампын өмгөөлөгч нар гарын үсэг зурсан байна. Ф.Уиллис шүүгчид хандан, гэм буруугийн шүүх хуралдааныг есдүгээр сарын 5-нд товлохыг хүссэн ба шүүх хурлыг ирэх оны гуравдугаар сард эхлүүлэхийг санал болгожээ. Д.Трампын өмгөөлөгчид даваа гаргийн өглөө Атланта дахь Фултон тойргийн шүүхийн байранд явж байгаа нь харагдсан байна. Хэвлэлүүдэд мэдээлснээр, тэд мөрдөн байцаагчидтай уулзаж, барьцааны нөхцөлийг тохиролцохоор тэнд очсон бололтой.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.11] 2023-08-22 19:14:03
Трампыг муулсан мэдээ нийтлэх тусам түүний нэр хүнд өснө.