В.Путин, Т.Эрдоган нар Москвад уулзана
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Турк улсын Ерөнхийлөгч Т.Эрдоган нарын уулзалт Орос улсад болно гэж телевизийн NTV суваг эх сурвалжуудын мэдээллийг эш татан уламжиллаа. Ерөнхийлөгч Эрдоганы Орос улсад хийхээр төлөвлөж буй айлчлал нь үр тарианы хэлцлийг сэргээх асуудлаар тохиролцоонд хүрэхэд шийдвэрлэх ач холбогдолтой гэж эх сурвалж хэлснийг тус сувгийн мэдээлэлд дурджээ.
Өмнө нь ТАСС-ын эх сурвалж мэдээлэхдээ, Эрдоган, Путин нар Туркт уулзах магадлал бага гэж байсан юм. Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдэгдэхдээ, хоёр улсын удирдагчдын уулзалтын талаар тодорхой мэдээлэл одоогоор байхгүй бөгөөд асуудал тодорхой болмогц хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө гэж байсан юм.
Ерөнхийлөгч Т.Эрдоган 7 дугаар сарын сүүлчээр хэлэхдээ, Оросын Ерөнхийлөгчтэй 8 дугаар сард Туркт уулзана хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн билээ.
16-ны өдөр Telegram сүлжээний Shot сувгаар “Путин, Эрдоган нар 8 дугаар сарын 31-нд уулзана” гэсэн мэдээлэл цацагдсан боловч уулзах газрыг дурдаагүй юм. Мөн энэ сарын 3-ны өдөр Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгдэхдээ “хоёр улсын удирдагчдын уулзалтын тов ба уулзах газрыг дипломат сувгаар зөвшилцөнө” гэж байв. Үүний өмнөхөн тэрбээр “уулзах газрыг тохиролцоно, гэхдээ энэ бол заавал Турк улсад уулзана гэсэн үг биш” гэдгийг хэлж байлаа.
Сэтгэгдэл
Зочин [103.57.95.112] 2023-08-23 17:55:25
Хөөрхий Путин оросоос гарах аргагүй болсон.Өөр улсад очвол гаагийн шүүхийн тогтоолын дагуу баривчлах аюул хүлээж байгаа.