Futpro: Л.Рубиалесийн үйлдлийг шийтгэлгүй өнгөрөөж болохгүй

Aдмин / Спорт

Испанийн Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Луис Рубиалес шигшээ багийн довтлогч Женнифер Хермосогийн уруул дээр үнссэн явдлыг шийтгэлгүй өнгөрөөж болохгүй гэж Ж.Хермосогийн эрх ашгийг хамгаалж буй “Futpro” холбоо мэдэгдлээ. Өнгөрсөн ням гарагт болсон эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий шувтаргын тоглолтод Испанийн шигшээ баг ялалт байгуулсны дараа өөрийн гаргасан үйлдлийн төлөө Л.Рубиалес хүлцэл өчсөн юм. Гэвч эл явдал олон улсын шүүмжлэлд өртөж, засгийн газрын сайд нар Л.Рубиалесийг албан тушаалаасаа огцрохыг шаардсаар байна.

Өдгөө 33 настай хөлбөмбөгчин Ж.Хермосо дээрх явдлын дараа “Instagram” хуудсандаа Л.Рубиалесийн үйлдэл “таалагдаагүй” гэж бичсэн хэдий ч дараа нь тамирчны нэрийн өмнөөс гаргасан мэдэгдэлд ерөнхийлөгчийн үйлдлийг зөвтгөсөн байжээ.

Даваа гарагт Л.Рубиалес дүрс бичлэгээр мэдэгдэл хийхдээ, өөрийнх нь “100 хувь буруу” байсныг хүлээн зөвшөөрсөн байна. Харин лхагва гарагт Ж.Хермосо өөрийг нь төлөөлж буй холбоо болон агентлагтай хамтран хийсэн мэдэгдэлдээ, “Манай “Futpro” холбоо болон “TMJ” агентлаг хамтран миний эрх ашгийг хамгаалж, энэ асуудлаар намайг төлөөлөн ярилцаж хэлэлцэх болно" гэжээ.

“Futpro” холбоо мэдэгдэхдээ, “Шийтгэл ногдуулсан эсэх нь хэзээ ч олон нийтэд мэдэгдэж байгаагүй ийм төрлийн үйлдэлд хариуцлага тооцож, хүлээн зөвшөөрөхийн аргагүй ийм үйлдлээс эмэгтэй хөлбөмбөгчдийг хамгаалах тал дээр үлгэр жишээ болохуйц арга хэмжээ авахын төлөө бид ажиллаж байна” гэлээ.

Түүнчлэн Испанийн Ерөнхий сайд Педро Санчес Л.Рубиалесийн үйлдлийг “хүлээн зөвшөөрч боломгүй биеийн хэлэмж” хэмээн дүгнээд, уучлалт гуйх нь хангалтгүй гэдгийг хэлсэн бол шадар сайд Йоланда Диас албан тушаалаасаа огцрохыг түүнд уриалсан байна.

Испанийн эмэгтэйчүүдийн дээд лиг болох “Liga F”-ийн удирдлага мэдэгдэхдээ, "Л.Рубиалес ДАШТ-д түрүүлсэн амжилтыг гутаасных нь төлөө, Испани улс, Испанийн спорт болон дэлхийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн спортын түүхэнд урьд хожид байгаагүй ичгүүр сонжуургүй үйлдэл гаргасных нь төлөө түүний албан тушаал хаших эрхийг хасах ёстой" гэжээ. Испанийн Хөлбөмбөгийн холбоо /RFEF/ баасан гарагт ерөнхий ассамблейн “яаралтай” ээлжит бус хуралдааныг зарласан байна. Мөн дэлхийн хөлбөмбөгчдийн “Fifpro” холбооны зүгээс Л.Рубиалесийн үйлдлийг Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ ёс зүйн дүрмийн хүрээнд шалгахыг хүсжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.