Албан тушаалаа урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.874, мөрдөн байцаалтын 2474 хэрэгт хяналт тавьж, нийт 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
– Нийслэлийн прокурорын газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Д.П нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К-г БНСУ-руу эмчийн хяналтад хүргэж өгөхийн тулд бусдаас 2000 ам.доллар өгөхийг шаардаж, хясан боогдуулсан, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Д.Ж нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ачаа тээврийн чиглэлээр хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүдээс хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– Иргэн Ц.А нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1973 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтсан “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт биедээ болон тээврийн хэрэгсэлд хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Н нь 2 тэрбум төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч цахим шивэлт хийж, 200 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Мөн Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 73, Өмчлөх эрхийн эсрэг 50, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний амьд явахын эсрэг 4, Авлига, албан тушаалын 3, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2 хэргийг шүүхэд шилжүүлжээ гэж Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-09-05 09:36:20
албан тушаалаа буруугаар ашиглаж байгаа нөхдүүд илт байгаад байх юм. заавал заалгах гээд байн уу? АТГ?
Зочин [103.145.234.126] 2023-09-06 21:13:01
Мэдэж байгаа бол шүгэл үлээгээд ил болгооч!