Америкийн сагсан бөмбөгчид 2002 оноос хойш анх удаагаа хэсгийн тоглолтод хожигдлоо

Aдмин / Спорт

Азийн гурван улсад амжилттай үргэлжилж буй сагсан бөмбөгийн ДАШТ-ий ням гарагт Филиппинд болсон хэсгийн тоглолтод АНУ-ын шигшээ баг Литвийн сагсан бөмбөгчдөд 110-104 харьцаагаар хожигджээ. Литвачууд тоглолтын эхний хагаст 17 оноогоор илүүрхэж байсан бөгөөд улмаар АНУ-ын багийг түүхэнд гурав дахь удаагаа буулган авлаа. Ингэснээр Америкийн баг 2002 оноос хойш анх удаагаа хэсгийн тоглолтод ялагдал хүлээжээ. Гэхдээ хоёр баг хоёулаа шөвгийн наймд шалгарсан бөгөөд Литвийн баг мягмар гарагт Сербитэй, харин америкчууд Италитай тус тус учраа таарчээ.

Литвийн сагсан бөмбөгчин Йонас Валанчюнас багтаа 12 оноо авчирч, 7 удаа самбараас бөмбөг авч, хоёр удаа бөмбөг хаасан бол Америкийн тамирчин Энтони Эдвардс 35 оноо авч, сагсан бөмбөгийн ДАШТ-ий түүхэнд хамгийн өндөр авсан америк сагсан бөмбөгчдийн хоёрдугаарт бичигддэг Кармело Энтонитэй эн зэрэгцлээ. Дээд амжилтын эзэн бол 2010 оны тэмцээний үеэр 38 оноо авсан Кевин Дюрант юм.

Литвийн багийн ахлах дасгалжуулагч Казис Максвитис тоглолтын дараа хэлэхдээ “сэтгэл хөдлөлөө дарах” гэдгийг онцолжээ. Тэрбээр, “Тамирчиддаа баяр хүргэе, гэхдээ хоёр дахь тоглолтонд бэлдэхийн тулд сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй” гэсэн байна.

Харин АНУ-ын багийн ахлах дасгалжуулагч Стив Керр "литвачуудад амаа таглууллаа” хэмээн багийнхаа тоглолтыг шүүмжилжээ. Тэрбээр тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа “Алтан медаль хүртэх зорилгод маань энэ ялагдал саад болоогүй нь азтай хэрэг” хэмээн хэлсэн байна.

“Олон улсын сагсан бөмбөгийн холбооны /FIBA/ тэмцээн учраас бидний хувьд чухал тоглолт байлаа… Би хувьдаа хожигдоход маш дургүй. Өнөө шөнө сайн унтаж чадахгүй байх. Гэхдээ бид илүү сайжрахын тулд ийм зүйлийг мэдрэх хэрэгтэй байсан. Бид хамгаалах хэрэгтэй байлаа. Дараагийн тоглолтыг хоёрдугаар хагаст үзүүлсэн шигээ эхлүүлэх ёстой. Тэмцээнийг дуустал тайвширч болохгүй. Энэ ялагдал бидэнд сургамж боллоо” хэмээн тэрбээр ярьжээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Hha [202.126.89.194] 2023-09-08 10:13:35

Bet tavitsiin bishuu


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.