Б.Анхзаяа дэлхийн аварга боллоо
Узбекистан улсын Хива хотод зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах Туухай өргөлтийн тэмцээнд 19 орны 700 гаруй тамирчид өрсөлдсөн ба Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож дэлхийн аваргатай болсон юм. Иодруулбал, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн хүндийн өргөлтийн спортын олон улсын хэмжээний мастер, дэслэгч Баатартөмөрийн Анхзаяа нь огцом өргөлтөөр хүрэл медаль, түлхэлтэй өргөлтөөр алтан медаль, нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж дэлхийн аварга болсон тухай сайхан мэдээг хүргэлээ. Дэслэгч Б.Анхзаяа нь Завхан аймгийн Улиастай хотод төрсөн ба айлын ууган охин юм.
Тэрээр нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Хүндийн өргөлтийн спортоор 8 жил хичээллэж байгаад 2019 оноос туухай өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн ажээ. Тэр бээр саяхан Оросын Холбооны Улсын Башкортостан хотноо зохион байгуулагдсан Олимпын бус дэлхийн топ спортуудын төрлийн олон улсын анхдугаар наадамд оролцож ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, багийн төрөлд алтан медаль хүртсэн билээ. Түүнтэй ярилцахад, “Спортоор хичээллэх хамгийн сайхан. Энэ спортоор хичээлснээр тэсвэр тэвчээр, эрүүл бие, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх гээд олон давуу талтай. Энэ хүртэл маш урт замыг туулсан. Тийм ч амар байсангүй ээ. Шантрах өдөр ч цөөнгүй байсан бөгөөд өдөр бүрийн бэлтгэл дээр гарсан хөлс бүхэн надад үнэ цэнтэй. Дасгалжуулагч багш нартаа, баг, хамт олондоо, хайртай гэр бүлийнхэндээ маш их баярлаж байна. Гир өргөсөөр байгаад гарын алга эр хүний гарнаас дутахааргүй эвэршсэн хүнд харуулахаас л ичдэг. (инээв) Гэхдээ би дэлхийн аварга болж чадлаа. Цаашдаа улам их хичээх болно оо” гэсэн юм.
Хошууч Л.САРАНЗАЯА
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.39] 2023-09-13 09:50:05
Мундаг тэсвэр тэвчээртэй дүүдээ улам их амжилт хүсэё