Ч.Маралгоо дэлхийн шилдэг теннисчинтэй өрсөлдөв
“Ханжөү-2022” Азийн наадмын талбайн теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Ч.Маралгоо эхний тойрогт Саудын Арабын Яра Алхогбаниг 6:0, 6:1-ээр илүүрхэж хожлоо. Харин хоёрдугаар тойрогт энэ тэмцээнийг чансаагаар тэргүүлэгч, БНХАУ-ын Чин Вэн Жэнтэй учраа таарч, 59 минут үргэлжилсэн тоглолтод 0:6, 0:6-гаар манай тамирчин хожигдол хүлээлээ.
БНХАУ нутагтаа зохион байгуулж буй Азийн наадамд ихээхэн ач холбогдол өгч байгааг илгээсэн тамирчдынх нь чансаагаар мэдэж болно. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд ATP ангиллын тэмцээнд түрүүлсэн анхны хятад теннисчин И Бин Ву өрсөлдөж байгаа бол эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эзэн орныг төлөөлж буй Чин Вэн Жэн нь тивдээ төдийгүй дэлхийн шилдэг теннисчин. Өнгөрсөн сард болсон Америкийн Их Дуулга тэмцээний шөвгийн наймд шалгарч, замналынхаа оргил амжилтыг үзүүлсэн 20 настай бүсгүй өдгөө дэлхийн чансааны 23-т жагсаж байгаа юм.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Монголын тамирчин М.Бадрах Вьетнамын шилдэг теннисчин Ли Хоан Намтай учраа таарч, 1:6, 2:6-гаар хожигдсон байна.
Харин эмэгтэй хосын төрөлд эгч дүүс болох Ч.Маралгоо, Ч.Мартаа нар эхний даваанд Катарын хосод нэг ч оноо алдалгүй, 6:0, 6:0-ээр хожлоо. Тэд дараагийн даваанд энэ тэмцээний чансаагаар хоёрдугаарт бичигдэж буй Тайпэй багтай өрсөлдөнө.
Сэтгэгдэл
temuulen [202.21.116.234] 2023-09-28 15:39:32
amjilt hiceegrei
Hhe [66.181.182.90] 2023-09-27 08:40:40
2 tiishee guilgeed l onoo av