Монголын шатарч хүү цахиур хагалж байна
Оман улсын нийслэл Мускат хотноо болж буй Олон улсын шатрын холбооны (FIDE) Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид ангилал тус бүртээ тэргүүлэгчдийн эгнээнд явж байна. Тус тэмцээнд манай 19 шатарчин U2300, 2000, 1700 гэсэн гурван ангилалд өрсөлдөж байгаа юм. Үүнээс 2300 ангилалд Н.Содбилэгт 4½ оноогоор Энэтхэгийн тамирчинтай хоёрдугаар байрт зэрэгцэж бол, Б.Алдар 3½ оноогоор наймдугаарт, 2000 ангилалд Д.Амарсайхан 5 оноогоор ганцаараа нэгдүгээр байрт, 1700 ангилалд Б.Мөнхбат, Г.Данзанжунай нар 4½ оноогоор ОХУ, Киргизстан, Энэтхэгийн тамирчидтай хоёрдугаар байрт явна.
Харин манай тамирчин, 9 настай Т.Тодмөнх энэ ангилалдаа Оманы тамирчныг хожсоноор 4 оноогоор шилдэг 10-т орж иржээ. Сонирхуулахад, “Хан Алтай” клубын тамирчин Т.Тодмөнх эхний өргөөсөө эхлэн өөрөөсөө олон насаар ахмад шатарчдыг хожсон байна. Үүнд, эхний өрөгт Йемений 75 настай Сабра Абдулла Бамуаллим, дараа нь Туркмений 71 настай Валерий Жилкин, Парагвайн 33 настай Осмар Гомэсийг хожсон юм.
Харин дөрөв дэх өрөгтөө уг ангилалд өрсөлдөж буй ОХУ-ын 41 настай Сергей Инюшкинд хожигдсон бөгөөд С.Инюшкин нь 1700 ангиллын 190 шатарчны жагсаалтад рэйтингээрээ нэгдүгээрт бичигдэж байгаа билээ.
Т.Тодмөнх хүү Оманы 46 настай Аль Мамари Мохаммед Салимыг хожсоноор зургаа дахь өргийн өмнө ангилалдаа 9 дүгээр байрт бичигджээ. Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх бямба гарагт өндөрлөнө.
Сэтгэгдэл