Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно
Монгол улсын Үндсэн хуулийн өдөр нэгдүгээр сарын 13-нд буюу Бямба гаригт тохиож буй. Шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан энэ бямба гарагийн 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
УИХ-ын Тамгын газар, Монгол бөхийн өргөөтэй хамтран зохион байгуулдаг уг барилдааныг 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Энэхүү барилдааны анхны түрүүг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын заан С.Хүрэлбаатар авч, Увс аймгийн Хяргас сумын харьяат дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байжээ.
Барилдааныг 2011, 2013, 2021 онуудад өнжсөн. Шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу дөрвөн удаа түрүүлжээ. Тэгвэл 2010 онд улсын аварга Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойдоо түрүүлсэн нь улсын цолгүй бөх тус барилдаанд түрүү авсан анхны тохиолдол болсон юм. Харин дөрвөн жилийн өмнө улсын заан М.Лхагвагэрэл аймгийн заан цолтойдоо түрүүлснээр энэхүү барилдаанд түрүүлж үзсэн хамгийн бага цолтой бөхөөр тодорчээ. Өнгөрсөн жилийн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, заан М.Лхагвагэрэл үзүүрлэв.
Ташрамд дурдахад уг барилдааны маргааш нь буюу энэ сарын 14-нд “Талх Чихэр” хувьцаат компанийн нэрэмжит “Хэвийн боовны баяр” улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болох юм.
Сэтгэгдэл