Японы Газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын санг хоёр дахин өсгөнө
Японы Засгийн газар 2024 оны санхүүгийн жилд Газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын сангийн хөрөнгөө хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Шинэ оны эхний өдөр Ното хойгт болсон газар хөдлөлтөд өртсөн хүн ардыг аль болох түргэн хэвийн аж амьдралд нь оруулахад энэ нь чиглэсэн гэж мэдэгдэж байна. Үүний зэрэгцээ Төв Японы Ното хойгт газар доорх доргилт чичирхийлэл үргэлжилсэн хэвээр, энэ долоо хоногт гэхэд Ишикава мужийн Сика хотод 5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ.
Нэгдүгээр сарын 1-ний газар хөдлөлтөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг болон түүнээс дээш магнитудын 1429 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн мэдээтэй байна.
Газар хөдлөлтийн гамшгийн үр дагаврыг арилгах, сэргээн босгох сангийн хөрөнгийг зузаатгах тухайд Японы Засгийн газар ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх дараагийн санхүүгийн жилд нэг их наяд иен буюу 7 тэрбум орчим ам.доллар нэмж тусгахаар төлөвлөж байна. Энэ сангийн хөрөнгийг нүүлгэн шилжүүлэгдсэн иргэдийн нөхцөлийг сайжруулах, түр орон сууцаар хангах, эвдэрч сүйдсэн дэд бүтцүүдийг засварлах зэрэг ажилд зарцуулах учиртай байна. Эдгээр ажлыг гүйцэтгэж дуусгах хугацааг мөн эцэслэж тогтоох юм байна.
Оны эхний өдөр Японы төв хэсэгт болсон газар хөдлөлт цунамигаас хойш хагас сар гаруй хугацаа өнгөрч, амь үрэгдэгсдийн тоо 222 болсон. Сураггүй байгаа 22 хүнийг аврах багууд мөн эрэн хайсан хэвээр байна.
Энэ хавийн бүс нутагт цаг агаарын хүндрэл бэрхшээл тохиолдсоор байгаа учраас хоргодох байруудад байгаа иргэдэд бас эрүүл мэндийн эрсдэл тулгарч байна. Нүүлгэн шилжүүлэлтэд өртсөн 13 хүн зуурдаар болон архаг хууч өвчний улмаас нас барсан тохиолдол гарчээ.
Ишикава мужид авто замын эвдрэлээс шалтгаалж 10 гаруй тосгон сууринд 500-аад хүн гадна ертөнцөөс тусгаарлагдсан хэвээр. Мөн 20-иод мянган хүнтэй 100 шахам түр байр ус, гэрэл цахилгаан тасалдсан байдалтай байгаа юм байна. Үүний зэрэгцээ Засгийн газрын комисс Японы зүүн хойд талын Мияги мужийн эрэг хавьд ойрын 30 жилд 7 магнитудаас давж газар хөдлөх магадлалыг 90 хувь болгож нэмэгдүүллээ.
Японы нутаг дэвсгэрийн хэмжээнд томоохон газар хөдлөлт болох магадлалыг жил бүрээр шинэчилж тогтоодог судалгааны дүнгээ энэ комисс ингэж зарлажээ.
Комиссыг даргалдаг Токиогийн их сургуулийн хүндэт профессор Хирата Наоши 2011 онд Японы зүүн хойд эрэг хавийг хамарсан асар хүчтэй газар хөдлөлтийнх шиг аюулын магадлал бага, харин 7 магнитуд орчим хөдлөх эрсдлийг “маш өндөр” гэж мэдээлжээ.
Сэтгэгдэл
зочин [66.181.190.138] 2024-01-19 23:23:44
Японы ард түмэнд Монголчууд туслаасай.