Нью-Хэмпширийн сунгаанд Д.Трамп ялжээ
Нью-Хэмпшир муж улсад болсон Бүгд найрамдах намаас /БНН/ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп тэргүүлж байна. Тэрбээр Никки Хейлиг ялснаар нам доторх байр сууриа улам бэхжүүлнэ гэж CNN телевиз мэдээлжээ.
Айова муж улсын сунгаанд ялснаас нь хойш найм хоногийн дараа болсон энэхүү сунгаа нь Д.Трампыг БНН-аас гурав дахь удаагаа дараалан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалыг улам нэмэгдүүлж байна. Д.Трампын багийнхан сунгаа эрт явагдаж буй муж улсуудад итгэл төгс ялалт байгуулан, анхан шатны сонгуулийн санал хураалтыг эрт дуусгаж, улмаар гуравдугаар сарын дунд үе гэхэд түүний нэр дэвших эрхийг баталгаажуулахыг зорьж байна. Д.Трамп Цагаан ордны тэргүүнээр дахин сонгогдохын төлөө өрсөлдөхөө 2022 оны 11 дүгээр сард мэдэгдсэн билээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж буй Никки Хейлигийн хувьд Нью-Хэмпширийн сунгаанд ялсан Д.Трампад баяр хүргэсний сацуу үргэлжлүүлэн өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна. Өмнөд Каролина муж улсын захирагч асан тэрбээр Нью-Хэмпширт хэлсэн үгэндээ “Дональд Трампыг өнөө орой ялсанд нь баяр хүргэе. Тэрбээр яллаа. Би үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна" гэв. Үүний сацуу тэрбээр хоёрдугаар сарын 24-нд БНН-ын анхан шатны сонгууль болох Өмнөд Каролинад очихоор тэсэн ядан хүлээж байгаагаа онцлоод "санал хураалт явагдах олон муж улс байгаа тул өрсөлдөөн дуусах болоогүй" гэлээ.
Э.ХУЛАН
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл