Өмнөд Солонгос, Японы Гадаад хэргийн сайд нар уулзжээ

Aдмин / Гадаад мэдээ

Бразилд болж буй “Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чо Тэ Юл, Японы Гадаад хэргийн сайд Ёко Камикава нар лхагва гарагт уулзав. Өнгөрсөн сард Чо Тэ Юлыг үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш анх удаа биечлэн уулзах үеэрээ талууд Умард Солонгостой холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хоёр талын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон тухай Японы Гадаад хэргийн яамнаас өнөөдөр мэдэгдлээ.

“Хоёр сайд өдөөн хатгасан үйлдлээ үргэлжлүүлж буй Умард Солонгосын талаар санал бодлоо солилцож, цаашид хамтран ажиллахаар санал нэгдлээ” гэж яамны цахим хуудсанд нийтэлжээ. Мөн Умард Солонгос дахь хүний эрхийн асуудал, тэр дундаа хүн хулгайлсан хэрэгт анхаарлаа хандуулна гэдгээ нотолсон байна.

Ё.Камикава өнгөрсөн жилээс хойш хоёр орны харилцаанд чухал ахиц дэвшил гарсныг онцлоод, энэ онд хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж, хоёр талын уялдаа холбоог гүнзгийрүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

“Сайд нар хоёр орны харилцаатай холбоотой харилцан сонирхсон асуудлуудыш хэлэлцэж, ирэх онд Япон-БНСУ-ын харилцаа хэвийн болсны 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан нягт харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээр санал нэгдсэн” болохыг мэдэгдэлд тэмдэглэжээ. Ингэхдээ Өмнөд Солонгосыг албан ёсны нэрээр нь дурдсан байна. Чо Тэ Юл, Ё.Камикава нар өнгөрсөн сард утсаар ярьж, Пёньяны өдөөн хатгасан үйлдлүүдэд хариу арга хэмжээ авах чиглэлд АНУ-тай хамтран ажиллахаар тохиролцсоны дараа дээрх тохиролцоонд хүрчээ.

Лхагва гарагт болсон хэлэлцээний үеэр Ё.Камикава хэлэхдээ, дайны үеэр албадан хөдөлмөрт өртсөн Өмнөд Солонгосын хохирогчийн ар гэрийнхэнд энэ долоо хоногт Японы компаниас нөхөн олговор олгосонд ихээхэн харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах талаар Японы тал Умардтай дипломат шугамаар харилцаа холбоо тогтооход анхаарал хандуулж байгаа энэ үед сайд нарын уулзалт боллоо.

Түүхэн асуудлын улмаас хурцдаад байсан Сөүл, Токиогийн харилцаа өнгөрсөн оны гуравдугаар сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн засаг захиргаа дайны үеэр албадан хөдөлмөр эрхэлсэн хүмүүсийн нөхөн төлбөрийг Японы компаниудын оролцоогүйгээр олгох санал тавьснаас хойш сайжраад байгаа билээ.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.