Сангийн сайд Б.Жавхлан: 2024 оны улсын төсвийн нөөц хөрөнгийг бүхэлд нь цас, зудны гамшигт зарцуулна
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай зудын нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газрын гишүүд багт хуваарилагдан зудтай аймаг, сумдаар явж, малчдад тусламж үзүүлж байна. Таны хувьд саяхан Төв аймгийн сумдаар явлаа. Зудын нөхцөл байдал ямар байна. Малын хорогдол мөн өндөр байгаа шүү дээ?
-Сүүлийн жилүүдэд зун нь гантай, зарим хэсгээрээ ус үер ихтэй болдог болсон. Харин намар орсон цас хайлж дуусалгүй өвөлтэй золгож, өвөлжилтийг хүндрүүлсэн ийм цаг уурын гамшигт үзэгдэлтэй жилүүд тохиолдсоор байна. Тэр дундаа өнгөрсөн өвөл, энэ хаврын их цас, хүйтрэлийг малчид өмнө үзээгүй амьдралдаа үзээгүй гамшигт үзэгдэл болж байна гэж ярьж байна лээ. Зөвхөн Монголд болж байгаа цаг уурын өөрчлөлт огт биш. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн нөлөөллөөс болж ийнхүү огцом хүйтэрдэг, их цас ордог, хур бороо их орж, үер болдог гэх мэт цочир өөрчлөлтүүд болж байгааг цаг уурчид тайлбарлаж байна. Тэгэхээр малчид, иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Өнөө жил ингэж зуд болсон учир дараа жилийн өвөл өнтэй сайхан байна гэж бодох хэрэггүй. Учир нь ойрын жилүүдийн цаг уурын байдал яг ийм байх төлөвтэй байгааг олон улсын цаг уурчид онцгойлон анхааруулсаар байна. Тиймээс энэ жилийн зудыг давчихлаа гээд сэтгэл амар болно гэсэн үг биш шүү. Ирэх жил дахиад л өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй учир цаг уурын энэ өөрчлөлтөд тохируулан аливаа эрсдэлээс сэргийлж мал аж ахуйгаа эрхлэх шаардлагатай.
-Цаашид мал аж ахуйн салбарт томоохон өөрчлөлт хийгдэх шаардлага үүслээ гэсэн үг үү?
-Тийм. Тэр дундаа бид малын тоо толгойн ардаас хөөцөлдөх биш, малын чанар, таваарлаг байдал, мэдээж эрчимжсэн мал аж ахуй руу нийтээрээ шилжих цаг үе ирлээ. Суурин мал аж ахуй руу шилжих нь өнөө цагийн тулгамдсан гол асуудлын нэг болоод байна. Бидний сая ажилласан Төв аймгийн баруун урд талын сумдуудад малын хорогдол өндөр байна. Зөвхөн он гарснаас хойш нийт малын зургаан хувь нь хорогдсон гэсэн дүн мэдээ ирсэн. Гэтэл цас ханзарч, шинэ ногоо цухуйх цаг яагаа ч үгүй байна. Цас зудын байдал хүндэрч, малын хорогдол ид явагдаж байхтай зэрэгцээд мал төллөх хугацаа ирлээ. Өвөлжилтийн хүндрэл дуусаагүй байхад хаваржилтын хүндрэл эхэлчихлээ. Нэг үгээр хэлбэл, хатуу цаг их урт үргэлжлэхээр байна
-Энэ хүндрэл яг хэзээнээс эхэлсэн бэ. Малчид бол өвөлжилтийн хүндрэл эрт эхэлсэн гэж ярьж байна лээ?
-Хүндрэл бол эрт эхэлсэн. Бүр өнгөрсөн намрын арваннэгдүгээр сарын эхээр орсон цас хайлалгүй нэмэгдсээр, шуурсаар мөсөн зуд үүсэх нөхцөлийг бүрдүүлчихсэн юм билээ. Тиймээс эрт эхэлсэн энэхүү зудын нөхцөл байдлаас үүдэж малын хорогдол их явагдаж байна. Тэр дундаа залуу малчдын хувьд зүй бус малын хорогдол өндөр байгаа юм. Цөөн хэдэн малаа маллана гээд өрх тусгаарлаад гарсан малчид энэ жилийн зуданд ихэнхийг нь алдлаа гэж ярьж байна. Мал бол малчдын амьжиргааны гол зүйл. Тэгэхээр амьжиргааны малаа зуднаар алдсан энэ мэт залуу малчид хаачих вэ. Мэдээж хот, суурин газрыг бараадна. Тэгэхээр зуд турхан гэдэг зөвхөн хөдөө малчдын асуудал огт биш юм аа. Энэ бол улс орны хамгийн том тулгамдсан асуудал болж ирж байна. Тиймээс цаашид уламжлалт мал маллагааны арга технологио өөрчлөх, бүр цогц байдлаар реформ хийх шаардлага үүссэн гэж харж байна. Засгийн газрын хувьд энэ салбар луу чиглэсэн бодлого зорилтуудаа илүү тодорхой болгож, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
-Энэ жилийн хувьд түүхэнд байгаагүй их мал хорогдох эрсдэл үүссэн гэж байгаа. Нөгөөтэйгүүр үлдэж байгаа малаа хамгаалах, зөвхөн мал гэлтгүй малчид, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах асуудалд Засгийн газрын зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
-Энэ жилийн зуд үнэхээр гамшгийн хэмжээг хэдийнэ давчихаад байна. Энэ гамшиг дараа жил болох магадлал өндөр гэдгийг анхааруулж байгаа. Тиймээс үлдсэн малаа хамгаалахтай адил малчид, иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах нь Засгийн хувьд нэн тэргүүний зорилго юм. Засгийн газрын хувьд Монгол Улсын зургаан чиглэл рүү буюу бүсчилсэн хэлбэрээр томилгоот бүлгүүд гарч ажиллаж байна. Миний хувьд Төвийн бүс болох Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хүндэрсэн сумдаар явж ажиллалаа. Бидний хувьд хүндэрсэн аймаг, сумдын асуудалтай танилцаж очих биш, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлээд явж байгаа.
-Яг зудтай, нөхцөл байдал хүндэрсэн газарт тулгамдсан ямар асуудал байна вэ?
-Нэн тэргүүний тулгамдсан асуудал бол малчдын хот руу зам харгуй гаргах ажил байна. Сумын төвөөсөө 5-10-хан километр зайд байгаа хэдий ч сургуулийн хүүхдүүдээ эргэх нь битгий хэл төв суурин газраас өвс, тэжээл, хүнсний наад захын хэрэгцээгээ татаж чадахгүй малчин айл өрхүүд их байна. Гэхдээ нэг үеэ бодоход манай малчид тэжээл, өвсөө нэлээд их хэмжээгээр эртнээс базаадаг болсон нь сайн. Гэвч энэ жилийнх шиг удаан үргэлжилж байгаа байгалийн гамшигт үзэгдлээс болоод нөөц шавхагдах асуудал байна. Тиймээс нэн тэргүүнд бид малчдын хот руу зам гаргах, төв замтай холбох ажлыг эхлүүллээ. Өнөөдрийг хүртэл манай онцгой байдлынхан холбогдох албаныхан зам гаргах ажлыг сайн хийж байсан нь харагдсан. Гэвч нэг зам гаргаад удаагүй байтал цасаар шуурч дахиад хаагдах тохиолдол их байна. Зам нээх болгонд тодорхой хэмжээний техник, түлш, шатахууны зарцуулалт гарах нь тодорхой.
-Тэгвэл цаашид хэчнээн удаа цас орж шуурахыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тэр болгонд зам гаргасаар л байх уу?
-Зам гаргах, сэргээх ажлыг цаг уурын нөхцөл байдал сайжиртал явуулахаас өөр гарц бидэнд байхгүй. Манай багийн хувьд Төв аймгийн хүндэрсэн сумд болох Эрдэнэсант, Өндөрширээт, Алтанбулаг, Лүн, Бүрэн, Дэлгэрхаан, Баян-Өнжүүл зэрэг сумдад ажиллалаа. Эдгээр сумдын боогдсон зам харгуйг дахин сэргээн нээх, малчдад өвс, тэжээл болон хүнс, эрүүл мэндийн багцуудыг тараалаа.
-Бүсчилсэн хөгжил гэдгийг хэн хүнгүй л ярьж байна. Иргэдийн хувьд энэхүү хөгжлийг улс төр, эдийн засаг талаас нь илүүтэй ойлгосон байх. Харин бүсчилсэн хөгжил хөдөө аж ахуйн салбарт хэрхэн тусах вэ гэдгийг одоо эхнээсээ мэдэрч байгаа болов уу. Тухайлбал, Дархан-Уул аймгийн хувьд цаг уурын нөхцөл байдал Төв аймагтай адил байгаа ч малын хорогдолд харьцангуй хэвийн түвшинд байна гэж байгаа. Энэ нь нэг талдаа эрчимжсэн мал аж ахуй хөгжсөн бүс нутгийн онцлог байх. Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжээд явбал Төв аймаг Дархан-Уул шиг аливаа байгалийн гамшигт үзэгдлийг эрсдэл багатай давах боломж гарч ирэх үү?
-Таны хэлж байгаа санаа маш зөв. Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хоорондоо хоршиж ажиллах боломж энэхүү бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бий болно. Эдийн засаг, хөдөө аж ахуй, дэд бүтцийн хувьд ч энэхүү гурван аймаг хоорондоо уялдаа холбоотойгоор хамтран ажиллахад хамгийн тохиромжтой. Сэлэнгэ аймгийн хувьд газар тариалан хөгжсөн, тийм үү. Дархан хотын хувьд аж үйлдвэр, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй өндөр хөгжсөн газар. Төв аймгийн хувьд хойд бүсээрээ газар тариалантай. Яг газар тариалан, мал аж ахуй хосолсон ийм бүс нутаг. Төв аймгийн хамгийн гол онцлог бол Монгол Улсын хүн амын талаас их хувь нь суурьшиж байгаа Улаанбаатар хотыг мах болон хүнс ногооны хэрэгцээгээр хангадаг. Тэгэхээр ийм онцлог бүхий аймгийн малыг бид энэхүү зуднаар хорогдуулаад байж болохгүй. Энэхүү гурван аймаг хоорондоо салбар бүртээ хоршин ажиллаж чадвал жинхэнэ утгаараа бүсчилсэн хөгжил гэдэг зүйл маань тодорхойлогдоно. Үүнийг л бүсчилсэн хөгжлийн эдийн засаг гэж байгаа юм шүү дээ.
-Засгийн газраас аймаг, сум болгонд зудын эрсдэлийг бууруулахад шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг хуваарилан олгосон. Гэхдээ аймаг, сум бүрийн нөхцөл байдал харилцан адилгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж жигд олгосон хөрөнгийг илүү хүндэрсэн аймаг, сум руу шилжүүлэх боломжтой юу?
-Боломжтой байлгүй яах вэ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн хувьд энэ жилийн зудын нөхцөл байдал бусад аймагтай харьцуулбал харьцангуй хэвийн байна. Тиймээс дарханчууд маань хөрш зэргэлдээх аймгуудад өөрсдийнхөө боломжоор туслалцаа үзүүлж байгаа. Үүний нэг жишээ саяны бидний ажилласан Төв аймгийн хүндэрсэн сумдад зам харгуй гаргах зориулалтын техник буюу ковшийг Дархан хотоос авчрууллаа. Энэ бол нэг бүсийн аймгууд нэгэндээ туслах боломж байгааг харуулсан үйл явдал. Мэдээж бусад шаардлага хөрөнгө мөнгийг хүндэрсэн аймаг, сумд руу шилжүүлнэ гэдгээ мэдэгдсэн.
-Төсөв санхүүгийн хувьд ямар хуваарилалтуудыг хийж ажиллаж байгаа вэ гэдгийг тодруулбал?
-2023 оны нөөц тэр ондоо дууссан. Одоо ид явагдаж байгаа энэ зудын гамшигт нөхцөл байдал аль эрт арваннэгдүгээр сараас эхэлж явагдаж байгаа гэдгийг би түрүүн хэлсэн шүү дээ. Тэр утгаараа 2023 оны үлдэгдэл нөөцөө аймаг, сумдууд маань тэр ондоо дуусгачихсан байгаа. Он гарснаас хойш болон цаашлаад хоёр сар гаруй хугацаанд энэхүү хүндрэл үргэлжлэх төлөвтэй байна. Тэгэхээр 2024 оны нөөцөө тэр чигээр нь энэхүү цас зудын хүндрэлд зарцуулах болно. Үүнтэй холбогдох төсвийн хуваарилалтуудыг бид одооноос шинэчлэн өөрчилж байгаа. Бүр төсвийн тодотгол ч хийх нөхцөл байдал үүсэх магадлалтай болсон. Ер нь аймаг, орон нутгийн төсвийн нөөц боломжууд урьд өмнөхөөсөө илүүтэйгээр нэмэгдсэн. Аймагт олгогддог гурван ч том орлого сумдуудад хуваагддаг болсон. Улсын төсөв рүү татдаг аж ахуйн орлогын албан татварын 40 хувь нь эргээд орон нутагтаа хуваарилагддаг болсон. Ингээд аймгуудын 2023 оны төсвийн гүйцэтгэл дээрээс харахад нийтдээ 570 гаруй тэрбум төгрөгийн төсвийн давсан орлого байгаа юм. Үүнийг 2023 онд хуваарилсан. Харин 2024 оны хуваарилалтыг хараахан хийгээгүй байна. Тэр нь ч зөв болсон байна. Үүнийг бид одоо өвөлжилт, хаваржилтын хүндрэлд бүрэн зарцуулна.
-Монгол Улсын хувьд 1990 он хүртэл 25-30 орчим сая малтай байсан. Одоо 70, 80 сая болсон. Гэвч энэ жилийн зуднаар 20-25 сая мал хорогдох эрсдэлтэй гэдгийг судлаачид хэлж байна. Нэг зуднаар хорогдоно гэдэг асар сөрөг үзүүлэлтүүд бий болно гэсэн үг шүү дээ. Үүнд Засгийн газар хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
-Тэр 30 сая малтай байх үед л бэлчээрийн даац гэдэг зүйлийг ярьж байсан. Одоо 60, зарим үедээ 70 гаруй сая мал тоологддог нь нөгөө бэлчээрийн даацыг хэд дахин нэмэгдүүлчихэж байгаа юм. Нэг талдаа бэлчээрийн даацын асуудал яригдана. Нөгөө талдаа эдийн засгийн үр өгөөж малын тоо нэмэгдэх тусам өсдөггүй юм байна гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс бэлчээрийн мал аж ахуйгаа бид суурин мал аж ахуй руу шилжүүлэх бодлогын томоохон өөрчлөлтийг хийх цаг болжээ гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг хийхгүй бол жил болгоны зуднаар 10, 20 саяараа цөөрсөөр л байх нь. Тиймээс малаа эхлээд чанаржуулъя. Зөвхөн тоонд нь анхаардгаа больцгооё. Чанартай цөөн мал чанаргүй олон малаас хэд дахин илүү эдийн засгийн үр өгөөжтэй байдгийг суурин мал аж ахуй эрхлэгчдээс бид тодорхой хардаг шүү дээ. Эрчимжсэн мал аж ахуйтай болчихвол ямар ч байгалийн гамшигт нөхцөлд бараг нэг ч толгой малын хорогдолгүй давна. Үүнийг манай уламжлалт мал аж ахуй эрхлэгчид маань ойлгоосой.
-Малын хорогдол малчин айл бүрд л явагдаж байна. Тэр утгаараа малаа даатгуулсан айл өрх ямар хэмжээнд байна. Ер нь даатгалын асуудалд Сангийн яам хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
-Даатгалын тогтолцоо гэдэг улсын төсөв, нөөц хөрөнгөөс тусдаа ойлголт шүү. Үүнийг хольж хутгаж огт болохгүй. Манайд өнөөдөр хэрэгжиж байгаа даатгалын систем 10, 20 жилийн өмнөхийг бодоход сайжирсан зүйл бий. Зах зээл дээр эзлэх хувь хэмжээ нь ч нэлээдгүй өргөжсөн. Хохирлын нөхөн төлбөрүүд ч боломжийн нэмэгдэж байгаа. Харин малын эрсдэлд нөхөн төлбөр олгодог даатгал өөрөө маш эрсдэл өндөртэй гэдэг учраас хувийн даатгалын компаниуд үүн рүү огт ордоггүй. Нөгөөтэйгүүр энэ бол сайн дурын даатгалын систем. Тиймээс энэхүү том орон зайд төрийн даатгалын компаниуд чадан ядан орж байгаа. Тэр утгаараа энэ салбарын даатгалын асуудлыг бид цаашид хөгжүүлэх шаардлага бол бий. Нөгөөтэйгүүр даатгал бол тусдаа асуудал. Бид бэлчээрийн мал аж ахуйгаа суурин, эрчимжүүлсэн мал аж ахуй руу шилжүүлэх нь л хамгийн том зорилт болчихоод байна.
-Зудын гамшигт өртсөн малчдын амьжиргаа ямар байна вэ. Цаашид эдгээр малчдын амьжиргааг дээшлүүлэх асуудалд Засгийн газар хэрхэн анхаарч ажиллах ёстой юм бэ?
-Гамшигт өртсөн малчдын маань амьдрал үнэхээр сэтгэл эмзэглүүлмээр хүнд байна. Мэдээж зээлтэй, өртэй малчид ч цөөнгүй. Тэгэхээр дунд болон урт хугацааны бодлогоор энэхүү асуудалд далайцтай, хүртээмжтэйгээр шийдвэрүүдээ гаргаж явах шаардлагатай. Ойрын хүндрэл, тулгамдсан асуудлаа бид газар дээр нь шийдвэрлээд явах хэрэгтэй байна. Ядаж л үлдсэн хэдэн малаа хорогдуулалгүйгээр дулаан цагтай золгуулах нь юу юунаас илүү чухал.
Э.МӨНХТҮВШИН
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:55
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:55
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [202.179.24.40] 2024-02-27 14:26:11
БАГА МЭДРЭЛТЭЭРЭЙ ДЭЭ. САНГИЙН СААДАА. ҮЕР УС , ГАН ГАЧИГ. БАЙГАЛИЙН ГАШИГТ ҮЗЭГДЭЛ , ОНЦ АЮУЛТАЙ ШУУРГА ТҮЙРЭН, ГАМШИГ ОСОЛ ГЭЭД ... ЦАГ ЯАГААЧГҮЙ БАЙГАА ШҮҮ. БҮХ ТӨСВӨӨ ГӨВЖ ХАЯЧИХААД ГУЙЛАГЧИЛАХ НУУ
Зочин [202.70.34.27] 2024-02-27 11:30:54
Манай УИХн 76 ийн мал малчид нь яаж байгаа юм болдоо эд нар чинь бүгд малтай малчинтай шдээ жишээ хэнтийд батэрдэнэ аваргын мал малчин их байдаг юм байналээ тэгээд л өөрсдөөө зээлийг нь тэглэнэ ч гэх юм яриад л
Зочин [139.5.218.111] 2024-02-26 18:47:04
Сонгууль болхоор л иргэддээ хайр зарласан хулгайч нар. Төр нь дампуурсан энэ улсад болж бүтэж байгаа юм алга
Гул аранжин [66.181.160.102] 2024-02-26 11:23:48
Төсвийн мөнгийг идэх сүүлийн ганц боломж гарч ирлээ. Дарга нарын жийпний бензин тос, буудлын хөлс,ууж идэх хоол,вискиний мөнгө,нууц амрагууддаа өгөх бэлгийн мөнгө гээд урсаж өгөх юм байнадаа...
Зочин [202.55.188.114] 2024-02-25 19:56:58
Хутцдаг дрлир ! .
Зочин [202.126.88.116] 2024-02-25 16:49:47
40 САЯ МАЛ БАЙХАД БОЛНО ИЛҮҮ ХЭРЭГГҮЙ БААХАН ЗАЛХУУ МАЛЧИД ХАР АЖИЛ ХИЙЖ СУРАГ
Зочин [103.140.10.218] 2024-02-25 16:38:30
Хэдэн дарга нарын жийпний түлш, замд уух виски, буудлын мөнгийг улсын төсвөөр бүгдэнгээр нь төлнө гэж байхгүй шүү.
Зочин [202.126.91.42] 2024-02-25 12:25:58
Аан тэгэж л ярих нь зөв. Цаанаа нөөц бол үлдэнэ ш дээ
Зочин [122.201.31.181] 2024-02-25 10:46:34
Ядахдаа хамгийн их мал хорлгдсон сумдад хөрөнгийг төвлөрүүлээрэй. Дахиа л цавчаа, хавтгайрсан идлэг уулга болно шүү. Малчид их шургуу. Мал нь бүрэн, бууц нь дулаан байтал л тусламжаас авах гэж улайрна. Хотоо харлуулахдаа тулж буй тэдгээр малчдад л тусламжийг хүргэ. Нийт малынхаа хагасыг авч үлдэж буй бол хохирол хэвийн гэж үзнэ.
Зочин [103.57.95.144] 2024-02-25 10:10:01
Зуны үёрийг яах вэ црвдчтлөн тооцох хэрэг эй биз дээ
Зочин [103.57.92.201] 2024-02-25 00:21:01
Оросыг эсэргүүцвэл орос монголд шатахууны хориг тавина
Уншигч [66.181.178.86] 2024-02-24 21:08:31
Толгойгоо ажиллуулж зохстой арга хэмжээ яярихын оронд орлогоо бүгдийг нь зарцуулах юм яриад байх юм.толгойд нь родог нь мөнгө тэнэг шаар вэ