Ж.Байден Конгрессын удирдлагуудтай уулзана
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгрессын удирдлагуудтай Цагаан ордонд мягмар гарагт уулзаж, Украин, Израилд яаралтай тусламж үзүүлэх тухай багц хуулийг батлах, мөн ирэх сард засгийн газрын үйл ажиллагаа түр зогсохоос зайлсхийх талаар хууль тогтоогчдод шахалт үзүүлнэ гэж Цагаан ордны төлөөлөгч мэдээлжээ. Тодруулбал, Төлөөлөгчдийн танхимын дарга, Бүгд найрамдах намын гишүүн Майк Жонсон, Сенатын танхимын олонхын бүлгийн дарга, Ардчилсан намын гишүүн Чак Шумер, Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн бүлгийн дарга, Ардчилсан намын гишүүн Хакеем Жеффрис, Сенат дахь цөөнхийн бүлгийн дарга Бүгд найрамдах намын гишүүн Митч МакКоннеллтай уулзах ажээ.
Уулзалтын үеэр ерөнхийлөгч хоёр намын дэмжлэгтэйгээр тусламжийн багцыг яаралтай батлах тухай, мөн холбооны засгийн газрын үйл ажиллагааг есдүгээр сарын эцэс хүртэл явуулах хууль тогтоомжийн талаар хэлэлцэнэ гэж Цагаан ордны нэрээ нууцалсан төлөөлөгч олон нийтэд хараахан зарлаагүй байгаа уулзалтын талаар мэдээлжээ.
Бүгд найрамдах намынхан олонхыг бүрдүүлж буй Төлөөлөгчдийн танхим нь Украин, Израил болон Энэтхэг-Номхон далайн орнуудад үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх 95 тэрбум долларын үндэсний аюулгүй байдлын багцыг батлах шахалттай тулгараад байгаа юм. Уг хуулийг энэ сарын эхээр Сенат 70-29 саналаар дэмжсэн боловч М.Жонсон тусламжийн хуулийн төслийн талаар санал хураалт явуулахыг эсэргүүцсээр байна.
Үндэсний аюулгүй байдлын багцаас гадна Засгийн газрын эхний санхүүжилтийн хугацаа баасан гарагт дуусна. Улмаар Пентагон, Дотоодын аюулгүй байдлын яам, Төрийн департамент зэрэг засгийн газрын агентлагуудын санхүүжилт ирэх гуравдугаар сарын 8-нд дуусах ажээ. Ч.Шумер ням гарагт хамтран зүтгэгчдэдээ илгээсэн захидалдаа санхүүжилт нь энэ долоо хоногт дуусах агентлагуудын үйл ажиллагааг түр зогсохоос зайлсхийх тохиролцоонд хараахан хүрээгүй байна гэжээ. “Бид гишүүдэд эх бичвэртэй танилцахад хангалттай хугацаа өгөх хууль тогтоомжийг энэ амралтын өдрүүдэд бэлэн болгоно гэж найдаж байсан боловч Төлөөлөгчдийн танхимын бүгд найрамдахчуудад шийдвэр гаргахад илүү их цаг хугацаа хэрэгтэй байгаа нь тодорхой байна” гэж Ч.Шумер бичээд, засгийн газрын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд санхүүжилтийг батлахыг М.Жонсонд уриалжээ.
Э.ХУЛАН
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
Зочин [67.173.173.99] 2024-02-27 04:07:41
Байдан зөв.