Оросын эрх баригчид Навальныйг ялтан солилцоонд хамруулахгүйн тулд алсан гэж хамтран зүтгэгч нь мэдэгдлээ
Германд хоригдож буй алуурчныг Алексей Навальныйгаар солилцох тохиролцоонд хүрэхийн өмнөхөн Оросын эрх баригчид түүний амь насанд хүрсэн гэж үзэж байгаагаа талийгаачийн хамтран зүтгэгчдийн нэг болох сэтгүүлч Мария Певчих өчигдөр мэдээлжээ. Түүний хэлснээр Навальныйгаас гадна Оросын шоронд хоригдож буй АНУ-ын хоёр иргэнийг Германд бүх насаараа хоригдох ял эдэлж буй Вадим Красиковоор солилцох яриа хэлэлцээ явагдаж байсан гэнэ. Красиков нь Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Албаны ажилтан бөгөөд Чеченийн салан тусгаарлагчийн амийг Берлин хотод хөнөөх ажиллагааг гүйцэтгэж байжээ.
“Навальный хэдхэн өдрийн дотор суллагдах боломжтой болоод байсан. Учир нь бид түүнийг солилцоонд хамруулахаар тохиролцсон байсан юм. Хоёрдугаар сарын 15-ны орой би солилцох яриа хэлэлцээ эцсийн шатандаа орсон тухай мэдээлэл авсан” гэж Певчих ярьсан байна.
Навальный хоёрдугаар сарын 16-нд нас барсан юм. Певчихийн мэдэгдлээс хэдхэн өдрийн өмнө талийгаачийн гэргий Юлия Навальная “Путин яг ямар шалтгаанаар Алексейг алсныг удахгүй дэлхий нийт мэдэх болно” гэж ярьж байжээ. Красиковыг өөр хүнээр сольж, Навальныйг суллаж явуулахгүйн тулд Путин амь насыг нь бүрэлгэсэн гэж Певчих тайлбарлаж байна.
Сүүлийн саруудад Орос болон Өрнөдийн хооронд ялтан солилцох асуудал яригдаж, солилцох ялтнуудын нэрсийн жагсаалтад Навальныийн нэр байгаа тухай албан бус мэдээ хүмүүсийн дунд цацагдаж байсан юм. Тухайлбал Германы Bild, Zeit хэвлэлүүд Берлиний эрх баригчид Навальныйг Красиковоор солилцох төлөвлөгөөтэй байгаа тухай мэдээлж байжээ.
Германы засгийн газар өчигдрийн мэдэгдэлдээ Навальныйг ялтан солилцоонд хамруулах гэж байсан тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсаныг мэдэж байгаа, гэхдээ энэ асуудалд тайлбар өгөх боломжгүй гэсэн байна. Певчихийн мэдэгдэлд өгүүлснээр Оросын олигархи Роман Абрамович солилцоонд Навальныйг хамруулах саналыг хэрэгжүүлэхээр хөөцөлдөж байсан гэнэ.
Оросын эрх баригчид Навальныйн шарилыг Бямба гарагт ээжид нь хүлээлгэж өгсөн гэсэн мэдээлэл бий. Түүний оршуулгын тов гараагүй байгаа ч Москвад оршуулах таамаг яригдаж байна. Хамтран зүтгэгчид нь олон хүнтэй салах ёс гүйцэтгэх боломжтой газар хайж байгаагаа саяхан зарласан юм.
“Бид Алексейтэй олон нийт салах ёс гүйцэтгэх боломжтой газар хайж байна. Хэрвээ танд тохиромжтой газар байгаа бол бидэнтэй холбогдоно уу” гэж Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш сошиал хуудсандаа зарлажээ. Оршуулгын ёслолыг энэ долоо хоногийн сүүлээр зохион байгуулах төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл
Зочин [66.181.183.55] 2024-02-28 07:34:23
Эрх чөлөөт амьдарал маш үнэтэй түүхэнд ийм л байсан
Жертва гэдэг "золиос" мөн үү? Монгол орчуулга утгыг нь бүрэн илэрхийлэх үү? [66.181.160.42] 2024-02-27 18:12:25
Азгүй хүн юмдаа. Ингэж амьдарсныг яаж ч амьдарсан гэх юм? Энэ хүн үхлээ гэхэд Орост, Беларусьт, Казахстанд, Монголд ЮҮ өөрчлөгдөх юм бэ? Юү ч өөрчлөгдөхгүй бол хайран амь нас юмдаа.